ААВ ЭЭЖҮҮД 6-12 НАСТАЙ ХҮҮХДИЙНХЭЭ УРДУУР ЯАРАН ОРЖ ҮЙЛДЭЛ ХИЙХЭЭС ИЛҮҮ ӨӨРӨӨР НЬ ХИЙЛГЭХ НЬ ЧУХАЛ

6-12 насанд хүүхэд шинэ зүйлийг туршиж үзэх үе тохиодог байна. Энэ насны хүүхдүүд шинэ зүйлийг биеэрээ туулж үзэх, шинэ харилцаанд орох зэрэгт гол анхаарлаа хандуулдаг тул эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ урдуур яаран орж үйлдэл хийхээс илүүтэйгээр өөрөөр нь хийлгэх, турших боломжийг олгох нь хүүхдийн хөгжилд өндөр ач холбогдолтой байна.  

Мөн 6-12 насанд сургуулийн өмнөх наснаас сургуулийн насанд шилжих шилжилтийн үе  тохиодог.

 Ялангуяа сургуулийн насны эхэн үед зургаан настай хүүхэд гэр бүлийн орчин, ойр дотны харилцаанаас сургуулийн орчин, нийгмийн харилцаанд шилждэг.  Энэ нь зургаан настнуудын хувьд нийгэм сургуулийн шинэ орчинд дасан зохицох, харилцааны хувьд илүү өргөн хүрээлэл дунд ордгоороо онцлог байна. Үүнээс шалтгаалж хүүхдэд дасан зохицох, өөрийгөө бусдад илэрхийлэх, найз нөхөдтэй болох зэрэг шинэ сорилтууд тулгардаг байна. Тиймээс 6-12 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд хүүхэддээ аль болох алдаж онох боломжийг өгөх нь чухал байна.

Мөн 6-12 насны хүүхэд аливаа зүйлийг хийсвэр утгаар ойлгохоос илүү бодитоор мэдэрч өөрийгөө хөгжүүлдэг байна. Эцэг эхчүүдийн зүгээс энэ насны хүүхдүүдэд тохирох дүрмийг гаргаж гэр бүлийн орчинд хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Энэ нь хүүхдийг илүү үүрэг хариуцлагаа ухамсарлахад түлхэц болдог. Мөн нөгөө талаар өсвөр насанд бэлтгэх суурь болж өгдөг байна.

6-12 насанд хүүхэд бодит зүйлийг илүү үнэлж ойлгодог. Мөн нийгмийн харилцаанд орж шинэ тутам сорилттой тулгардаг учраас гэр бүл дотны хүмүүс, аав ээж нар хүүхдээ сонсох, хүүхдэдээ цаг зав гаргаж ярилцахыг зөвлөдөг. Энэ насны эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ шүүмжлэхээс илүү урамшуулж асуудлыг шийдвэрлэхэд нь туслаж хайрлаж халамжилж байгаа гэдгээ бодитоор үзүүлэх нь чухал байна.