МАНАЙ УЛСАД НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 1000 ГАРУЙ ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨЖ БАЙНА

Шинэ содон бүхнийг турших, нээх их хүсэлдээ хөтлөгддөг дунд насны хүүхдүүдийн хувьд өнөөдрийн нөхцөлд авто зам нь тэдний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа орчин болоод байна. Учир нь  манай улсад жилдээ бага болон дунд насны 60 орчим хүүхэд зам тээврийн ослоор хорвоог орхиж байна гэсэн судалгаа байна.

- Тоон мэдээллээр 2017 оны эхний 11 сарын байдлаар 973 хүүхэд зам тээврийн ослоос болж гэмтэж, бэртжээ.

- 2018 онд 1049 хүүхэд зам тээврийн осолд өртсөн нь жил ирэх тусам хүүхэд зам тээврийн осолд өртөлт нэмэгдэж байгааг харуулж байна.

- Тэдгээр хүүхдүүдийн 143 нь хүнд, хүндэвтэр гэмтжээ.

- Энэ оны эхний 4 сарын байдлаар нийт 219  хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 16 хүүхэд амиа алдсан байна.

Хүүхдүүдийн дийлэнх нь 14 хүртэлх насны хүүхдүүд байгаа юм.

Нийслэлд хүүхдүүд авто замын осолд өртдөг үндсэн шалтгаанууд нь гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын зорчих хэсэг болон авто замтай ойролцоо тоглодгоос үүдэн гардаг байна. 

Мөн сургууль, цэцэрлэгийн зам орчин нь стандартын дагуу тохижуулагдаагүй. Эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, хүүхэдтэйгээ хамт явж байхдаа замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгодоггүй зэрэг нь хүүхдүүдийг  амь нас, эрүүл мэндээрээ хохироход хүргэдэг байна.

Товчхондоо, гарцгүй газраар эсвэл улаан гэрлээр хүүхдээ хөтлөн гарч, буруу үлгэр дууриал үзүүлдэг эцэг эхчүүд, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй жолооч нар хүүхдүүдийн осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байна.

Эцэг эхчүүдийг  замын хөдөлгөөнд оролцох дадлыг хүүхэддээ багаас нь хэвшүүлэх, харин жолооч нарыг анхаарал сэрэмжтэй байж, замын хөдөлгөөний дүрмийг чанд биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.