МАЛАЙЗ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХУУЛЬ БУС ХОГ ХАЯГДЛУУДЫГ ИРҮҮЛСЭН УЛС РУУ НЬ БУЦААН ИЛГЭЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

Филиппин улс 2013 онд хууль бусаар импортлогдсон 1500 тонн хог хаягдлаа Канад улс руу буцаан илгээхээр шийдвэрлэсний дараа Малайз улс мөн тус улстай ижил арга хэмжээ авч хилээр нэвтэрсэн 3300 тонн хог хаягдлыг илгээсэн газрууд руу нь буцаан явуулахаа мэдэгдээд байна. Дэлхий дээрх нийт хог хаягдлын дийлэнх хэсэг нь зүүн азийн улс орнууд руу импортлогддогоос ердөө 9 хувь нь дахин боловсруулагддаг гэх судалгаа гарчээ.

Өнгөрөгч онд БНХАУ-ын засгийн газар гадаадын улс орнуудаас хог хаягдал импортлохоо бүрмөсөн зогсоосонтой холбогдуулаад нэг жилийн хугацаанд Малайз, Филиппин тэргүүтэй зүүн азийн улс орнууд барууны хөгжингүй орнуудын хог хаягдлын цэг болж хувираад байна.

Үүнтэй холбогдуулаад Малайз улсын засгийн газраас АНУ, Австрали, Их британи, Герман тэргүүтэй орнуудыг Малайз улс руу хог хаягдлаа хууль бусаар экспортлохоо зогсоохыг шаардаж, нийтдээ 3300 тонн хог хаягдлыг илгээсэн газрууд руу нь буцааж явуулна гэдгээ мэдэгджээ.

"Малайз улс руу аль ч улс орон хогоо илгээсэн байлаа гэсэн, тухайн хог хаягдал нь дахин боловсруулагдах ч бай үгүй ч бай бид ирсэн замаар нь буцааж явуулах болно. Хэдийгээр манайх жижиг улс ч гэлээ хөгжингүй орнуудын хогийн цэг болохыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүний эсрэг заавал хариу тэмцэл үзүүлэх болно."

Малайз улсын байгаль орчны яамнаас өнгөрсөн сард л гэхэд хууль бус 5 чингэлэг хог хаягдлыг Испани улс руу буцаан илгээсэн бол дахин 3300 тонн хог хаягдлыг Их британи, Австрали, Франц, Канад зэрэг орнууд руу илгээхээр төлөвлөснөө мэдэгдээд байна.

Өнгөрөгч долоо хоногт Филиппин улсын ерөнхийлөгч Родриго Дутерте үүнтэй ижил асуудлаар Канад улстай дипломат харилцаагаа таслана гэсэн анхааруулгыг өгч, 69 чингэлэг бүхий 1500 тонн хог хаягдлаа эргүүлэн авахыг канадын эрх баригчдаас шаардсан юм.

Түүнчлэн тэрбээр өнгөрөгч долоо хоногт Канад улс дахь дипломат төлөөлөгчөө эргүүлэн татаж, энэ асуудлаар дайн эхлүүлэхэд ч бэлэн байгаагаа мэдэгдсэний хариуд канадын тал буулт хийж, ирэх 6-р сардаа багтаан буцаан авах амлалт өгсөн байна.