2019 ОН ГАРСААР ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД УРТ ДАРААЛЛЫН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ

2019 он гарсаар дэлхийн ноён оргил Эверест уулан дээр золгүй байдлаар амиа алдсан уулчдын тоо 11 болж нэмэгдээд байна. Энэ онд Балбын Засгийн газраас олон тооны хүмүүст авиралт хийх зөвшөөрөл олгосон нь урт дараалал үүсгэж, улмаар хэт өндөрт хүчил төрөгчийн дутагдалд орсны улмаас амь насаа алдах хүмүүсийн тоо нэмэгдэж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Сүүлийн 20 жилийн хугацаанд Эверестийн оргил дээр амь үрэгдсэн уулчдын тоо нэг жилд дунджаар 6-аас дээш гардаггүй байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд 11 уулчин амь насаа алдаад байгаа нь олон улсын анхаарлын төвд ороод байгаа юм.

Үүнийг энэ онд Балба улс гадаадын иргэдэд урьд хожид байгаагүй олон тооны зөвшөөрөл олгосонтой холбон тайлбарлаж байгаа ч цаг агаарын таагүй нөхцөл, уулчдын туршлага дутмаг байдал болоод ашиг хонжоо эрсэн аяллуудын тоо нэмэгдэх болсон зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгааг мэргэжилтнүүд мэдээлжээ.

Зарим мэргэжилтнүүдийн зүгээс уулчдын амиа алдаж буй шалтгааныг зохицуулалт муу байснаас үүдэлтэй хэмээн мэдээлж байгаа юм. Учир нь 5-р сарын 23-ны өдөр л гэхэд Эверестийн оргилд авиралт хийсэн уулчдын тоо 250-аас давсан нь хэт урт дараалал үүсгэж, улмаар уулчдын амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүсгэсэн гэж албаныхан мэдээлж байна.

Эверестэд авирсан уулчид амиа алдахад хүргэсэн томоохон хүчин зүйлүүдийн  нэг нь уулчдын туршлага дутмаг нимгэн байдал хэмээн албаныхан мэдээлж байна.  Балбын захиргаанаас уулчдад авиралт хийх зөвшөөрөл олгохдоо тухайн хүний ууланд авирч байсан туршлагыг харгалзан үздэггүй нь шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Дэлхийн дээвэр хэмээн нэрлэгддэг Эверестийн оргил дээр нийт 5,000 орчим хүн авиралт хийсэн гэх тоо баримт байдгаас 300 орчим нь амь эрсдэж байжээ. Тэгвэл Эверестэд авиралт хийхэд хамгийн тохиромжтой улирал аялал жуулчлалынх нь оргил үед тооцогддог Балбын засаг захиргаанаас зөвшөөрөл олгох уулчдын тоог бууруулах бодолгүй байгаагаа мэдэгдээд байгаа юм.