"Хэрэглээний цахилгаан барааны  үзэсгэлэн яармаг-2019" БНХАУ-ын Шанхай хотноо өчигдөр нээлтээ хийжээ. Нийтдээ гурван өдөр үргэлжлэх уг арга хэмжээний үеэр мэргэжилтнүүд дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээ буюу 5G технологийг ирээдүйд цагдаа хүчний байгууллагуудаас эхлээд эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт ч  өргөн ашиглах боломжтой талаар мэдээлсэн байна. 

Азийн технологийн ертөнцийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэн яармаг 6-р сарын 11-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн арга хэмжээнд БНХАУ-ын технологийн Гигант Хуавей компани оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байгаа юм.

Тус компанийн мэргэжилтнүүдийн зүгээс АНУ-тай үүсээд буй маргаантай байдал ухаалаг гар утасны борлуулалтаар дэлхийд тэргүүлэгч болох зорилтод нь саад учруулсныг мэдэгджээ.

Шао Яан              "Huawei" компанийн стратегийн ахлах мэргэжилтэн

"2019 оны эхний гурван сарын байдлаар бид ухаалаг гар утасны борлуулалтаараа дэлхийд 2-рт жагсаж байна. Хэрэв урьдаас тааварлагдаагүй саад бэрхшээлүүд тохиолдоогүй бол оны сүүл үе гэхэд бид тэргүүлэгчийн байр суурийг эзлэх байсан. Харин одоо тус зорилтдоо хүрэхийн тулд хэсэг хугацаанд хүлээх шаардлагатай тулгарч байна"

Өнгөрөгч сард АНУ-ын захиргаанаас Хуавей компанийг бусад улс орны дотоод нууцад хууль бусаар халдаж, засгийн газартаа тагнуулын шугамаар ажилладаг гэх хэрэгт буруутган хар жагсаалтдаа оруулсан юм. Тэгвэл Хуавей компанийн зүгээс дээрх хэрэгт няцаалт хийж, технологийн салбар дахь шинэ өрсөлдөөнд 5G сүлжээгээр хүч түрэн орж ирэхээ мэдэгджээ.

Тэгвэл 5G сүлжээг ирээдүйд  аялал жуулчлал эрүүл мэндийн салбараас эхлээд нийгмийн хэв журмыг сахиулахад хүртэл ашиглах боломжтойг мэргэжилтнүүд мэдээлж байгаа юм.

Тухайлбал царай таних  технологи бүхий ухаалаг нүдний шилийг цагдаагийн ажилчдад зориулан бүтээснээ үзэсгэлэнгийн үеэр топ смарт компани танилцуулсан байна.

Тибор Ли                            "Топ смарт" технологийн компанийн гүйцэтгэх захирал

"Цагдаа нарын дарсан зураг бүр штаб руу мэдээлэгдэнэ гэсэн үг юм. Үүнийг бид Skynet сүлжээ хэмээн нэрлэдэг. Энэхүү дижитал нүдний шилний тусламжтайгаар цагдаагийн алба хаагчид өөр хоорондоо цаг тутам холбоотой ажиллахаас гадна бүтээмж нь илүү нэмэгдэх давуу талтай. "

Дижитал нүдний шилийг зүүсэн цагдаа нар автомашины дугаарыг эзэмшигчийнх нь мэдээлэлтэй нэгэн зэрэг харж болох бөгөөд хяналтын төв болоод бусад алба хаагчдадаа мэдээлэл дамжуулах давуу талтай юм байна. 

Энэхүү технологи нь Хятад улс даяар газар авч буй ухаалаг хот хэмээн кампанит ажлын нэгээхэн хэсэг гэдгийг зохион бүтээгчид нь мэдээлжээ.