ОХУ-д хар тамхины хэргээр баривчлагдсан эрэн сурвалжлах сэтгүүлч суллагдлаа

ОХУ-д хар тамхины хэрэгт холбогдон гэр хорионд ороод байсан эрэн сурвалжлах сэтгүүлч Иван Голунов мягмар гарагт суллагдсан байна.

ОХУ-ын дотоод хэргийн сайд Владимир Колокольцевийн мэдэгдсэнээр Иван Голуновт холбогдох хэргийг хангалттай баримт нотолгоогүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгосны дээр түүнийг баривчилсан цагдаагийн алба хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авснаа мэдэгджээ.

Одоогоор тус баривчилгааны ард холбогдох албаныхны эрх ашгийн зөрчил байсан эсэхийг шалгаж байна хэмээн Владимир Колокольцев мэдэгдсэн байна.

Латви улсад төвтэй "Медуза" цахим хуудсанд чөлөөт сэтгүүлчийн хувиар ажилладаг өдгөө 36 настай Иван Голунов нь зээлийн үйлчилгээ үзүүлэгчдийн хууль бус үйлдэл,  Москва хотын засаг даргын орлогчийн хөрөнгө орлогын мэдүүлэг, чөлөөт хэвлэл мэдээллийн эсрэг тавьсан цензур зэрэг сэдвүүдээр эрэн сурвалжлах нийтлэлүүд гаргаж байснаараа зартай нэгэн юм.

Түүнийг өнгөрөгч долоо хоногт Москва хотод ажлын шугамаар явж байхад нь цагдаа нар биед нь нэгжлэг хийж, цүнхнээс нь хар тамхи илрүүлснээр баривчлах арга хэмжээ авснаа мэдээлсэн бол үүнийг хүний эрхийн байгууллагууд болоод Иван Голуновын өмгөөлөгчдийн зүгээс зохион байгуулалттайгаар хэрэгт тулгахыг завдсан үйлдэл хэмээн эрс эсэргүүцэл үзүүлж байсан юм.

Тэгвэл түүний хэргийг зохиомлоор бий болгохыг санаархсан хэргээр Москва хотын хар тамхитай тэмцэх тасгийнхныг шалгаж, хариуцсан албан тушаалтнуудыг нь огцруулах хүсэлтээ ерөнхийлөгч Владимир Путинд уламжлахаар төлөвлөж байгаагаа дотоод хэргийн сайд Владимир Колокольцев мэдэгджээ.