Нью-Йорк хотын барилга дээр нисдэг тэрэг осолджээ

АНУ-ын Нью-Йорк хотод орших 54 давхар оффисын барилгын дээвэр дээр орон нутгийн цагаар 14 цагийн орчимд нисдэг тэрэг осолдож, нисгэгч нь амь үрэгдсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Онгоц барилгын дээвэр дээр осолдох үед 2001 оны 9-р сарын 11-ний өдөр гарсан террорист халдлагыг санагдуулам байсан тухай хэргийн газар байсан гэрчүүд мэдээлжээ.

Осол гарсан даруйд барилгын дээвэр дээр гарсан галыг гал сөнөөгчид тэр даруй унтрааж, барилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна.

Нью Йорк хотын захирагч Билл Де Блазиогийн зүгээс энэхүү хэргийн ард ямар нэг террорист үйл ажиллагааны шинж чанартай зүйл байхгүй байгааг онцлон тэмдэглээд, барилгад байсан болоод барилгын ойр орчимд байсан хүмүүсээс гэмтэж бэртсэн тохиолдлууд бүртгэгдээгүй талаар мэдэгджээ.

Хөөрснөөсөө хойш ердөө 11 минут болж байсан нисдэг тэрэг ямар шалтгааны улмаас барилгын дээвэр дээр ослын буулт хийх болсон нь  тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн шалгалтын ажил үргэлжилж байгааг албаныхан мэдээлсэн юм.