ХӨТӨЧ, ТАЙЛБАРЛАГЧ НАРЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Манай улс уламжлалт нүүдэлчин ахуй, соёл иргэншил, онгон дагшин байгаль, дэлхийг байлдан дагуулсан 13-р зууны түүхээрээ дэлхийн бусад орны аялал жуулчлалаас ялгардаг. Сүүлийн жилүүдэд манай орныг зорих жуулчдын тоо нэмэгдсээр байгаа. Харин жуулчдын хамгийн эхний харилцагчид болох хөтөч тайлбарлагч, жолооч нарыг  нарийн мэргэшүүлэх, тогтвортой ажлын байраар хангах зайлшгүй шаардлагатай байна.

Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд 1500 гаруй хөтөч, тайлбарлагч гадны жуулчдад улс эх орныхоо өв соёл, газар нутгийн онцлог, түүх, шашны соёл зэрэг олон салбарыг хамруулсан орчуулга, тайлбар хийн ажилладаг. Аяллын хөтөч тайлбарлагч нар тухайн улсын харилцаа соёлыг илэрхийлэх гол субъект болдог тул мэргэжлийн өндөр ур чадвар, харилцааны соёл шаардагддаг байна.

Манай улсыг зорих жуулчдын тоо 5-10 дугаар сард эрс нэмэгдэж хөтөч тайлбарлагч нарын эрэлт үүнийгээ дагаад өсдөг. Харин эдгээр оргил саруудад мэргэжлийн бус, гадаад хэлний мэдлэгтэй хүмүүс жуулчдад хөтөч хийх нь учир дутагдалтай байдаг байна.

Мөн адил жуулчдыг ирсэн цагаас эхлэн явах хүртэл нь хамт явдаг хүн бол жуулчдын жолооч юм. Одоогийн байдлаар 3000 орчим жолооч жуулчдад үйлчилгээ үзүүлж байна. Томоохон аялал жуулчлалын аж ахуй нэгжүүдтэй олон жилийн турш хамтран ажилласан жолооч нар харилцааны өндөр чадвар эзэмшсэн байдаг гэлээ.