МАНАЙ УЛС БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД  ЭЛЧИН САЙДЫН ЯАМАА НЭЭЛЭЭ

Монгол улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Киргиз улсад хийж байгаа  албан ёсны айлчлал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Тус улстай манай улс 1992 онд дипломат харилцаа тогтоож 2014 оноос Бишкек хотноо манай улсын ерөнхий консулын газар ажиллаж эхэлжээ. Харин өчигдөр манай улс Киргиз улсад албан ёсны элчин сайдын яамаа нээлээ.

Төв азийн бүс нутаг дахь манай улсын чухал түнш бол Киргиз улс юм. Төв азийн бүс нутагт парламентын засаглалтай ардчиллыг сонгосон ганц улс нь  Киргиз юм. Манай улсын ерөнхий консулын газар Киргиз улсад 2014 оноос ажиллаж эхэлсэн ч улс орноо төлөөлөх, засгийн газар хооронд хэлэлцээ хийх зэрэг элчин сайдын яамнаас хэрэгжүүлэх үүргийг тэр бүр хэрэгжүүлж чадахгүй байжээ.

Монгол улсын их хурлын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар монгол улсаас бүгд найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, элчин сайдын яам болгох засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн юм.үүний дагуу монгол улсын ГХЯ-аас элчин сайдын яамаа  нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьсны дагуу ийнхүү элчин сайдын яамаа албан ёсоор  нээлээ.

Нээлтийн ёслолд монгол улсын ерөнхийлөгчөөс гадна монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд найрамдах Киргиз улсад суугаа ерөнхий консул Т.Ганболд, Бүгд найрамдах Киргиз улсын гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын албаны хүмүүс оролцлоо.

Манай улс бүгд найрамдах Киргиз улсад элчин сайдын яамаа нээснээр цаашид нэмэлт зардалгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм. Нэмэлт мэдээлэл хүргэхэд,  МУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хийсэн хэлэлцээний дагуу хоёр улсын хооронд боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломж бүрдсэн юм.

2018 онд Киргизийн нийт 541 иргэн монголд, манай улсын 302 иргэн тус улсад харилцан зорчсон байна. Хоёр улсын хоорондын худалдааны нийт эргэлт 2018 онд 705 100 долларт хүрчээ.