КОНГО УЛСАД ГАРСАН ЭБОЛА ВИРУСИЙН ХАЛДВАР ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭХ УГАНДА УЛС РУУ ТАРХЖЭЭ

Африкийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад өнгөрөгч оны 8-р сард эбола вирусийн халдвар албан ёсоор бүртгэгдсэнээс хойш сүүлийн 10 сарын хугацаанд нийтдээ 1400 хүн уг халдварын улмаас амь насаа алдаад байна.

1976 онд эбола голын ойролцоогоос анх илэрч, тус голын нэрээр нэрлэгдсэн энэхүү вирус нь Конго улсад өмнө нь 9 ч удаа дэгдэж байсан бөгөөд энэ удаагийнх 10 дахь тохиолдолд тооцогдож байгаа юм.

Эбола вирусийн тархалт түүхэн дэх хамгийн аюултай түвшиндээ хүрээд байгаатай холбогдуулан хөрш зэргэлдээх орнуудад урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын аяныг өрнүүлсэн ч өнгөрөгч долоо хоногт Уганда улсад эбола вирусийн хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж, 5 настай хүүхэд амиа алдсан талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Вирусийн тархалтыг цааш улам даамжрахаас сэргийлэх үүднээс албаныхан томоохон хэмжээний мөргөлийн арга хэмжээнүүдийг цуцалж, 5000 орчим эмнэлгийн ажилчдыг илгээсэн талаар мэдээлсэн байна.

2013-2016 оны хооронд баруун африкт дэгдэх үедээ нийт 11 мянган хүний амь насыг авч одож байсан энэхүү халдварын тархалт энэ удаад түүнээс ч давж магадгүй байгаа талаар мэргэжилтнүүд анхааруулжээ.

Халдвартай хүнээс ялгарч буй цус, хөлс, шүлс зэрэг бүхий л төрлийн шингэнээс дараагийн хүнд халдварладаг энэхүү вирус нь дотуур болон гадуур цус алдалт үүсгэж, бөөлжилт, суулгалт, өндөр хэмтэй халуурах зэрэг олон шинж тэмдгээр илэрдэг байна.