Хот суурин газруудад хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр автозамын түгжрэлийн асуудал дэлхийн олон улс оронд  гол тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Тэгвэл АНУ-ын “Uber” компани олон улсын зах зээлд нисдэг такси үйлчилгээ нэвтрүүлэх анхны хотоороо Австралийн Мелбурн хотыг сонгож ирэх оноос туршилтын нислэг үйлдэж эхлэхээ мэдэгджээ.

Хот суурин газруудад хамгийн их тулгамддаг замын түгжрэлийн асуудлыг бууруулах үүднээс дэлхийн тэргүүлэгч байгууллагууд нисдэг автомашин зохион бүтээх өрсөлдөөнд хүч түрэн ороод байна.

Тэдний нэг болох АНУ-ын компани агаарын такси үйлчилгээ нэвтрүүлэх “Uber Air” төслийнхөө хүрээнд олон улсын зах зээл дэх анхны хотоороо австрали улсын хоёр дахь томоохон хот болох Мельбурныг сонгосноо зарлажээ.

Ингэснээр Мельбурн хотын тухайд АНУ-ын Даллас болоод Лос Анжелес хотуудын араас нисдэг таксины үйлчилгээ нэвтрүүлэх гурав дахь хотоор сонгогдож байна.

“Uber” компанийн зүгээс туршилтын нислэгүүдээ ирэх 2020 оноос хийж эхлэхээр төлөвлөснөө мэдэгдсэн бөгөөд 2023 он гэхэд агаарын такси үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхээр зорьж байгаагаа танилцуулжээ.

Тус компанийн мэргэжилтнүүдийн зүгээс дрон загварын нисдэг такси үйлчилгээгээ авто замын түгжрэлийг багасгахад асар том нөлөө үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.

Тодруулбал Мельбурн хотын гол бизнесийн дүүргээс онгоцны буудал хүрэх 19 км замыг автомашинаар 1 цаг явж хүрдэг бол нисдэг такси ашигласнаар 10 минут хүрэхгүй хугацаанд хүрэх боломжтой гэдгийг мэдээлсэн байна.

Нисдэг тэрэг болон дроныг нийлүүлсэн загвар бүхий эдгээр цахилгаан хөдөлгүүрт нисдэг таксиг хүмүүс “Uber” -н такси дуудах аппликейшнтэй ижил шугамаар дуудах боломжтой гэж зохион бүтээгчид нь мэдээлсэн юм.