ХОНКОНГТ 2 САЯ ХҮНИЙГ ХАМАРСАН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 Хонконгт хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийн төсөл олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал газар аваад байгаатай холбогдуулан Хонконгийн засгийн газар ням гарагт хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслөө түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Хонконгийн захирагч Керри Ламийн зүгээс ард иргэдээсээ албан ёсоор уучлалт гуйж, хуулийн төслийг хэлэлцэх хугацааг албан ёсоор хойшлуулж байгаагаа мэдэгдсэн ч жагсагчдын зүгээс тус шийдвэрийг хангалтгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн дахин томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Ням гарагт болсон энэхүү жагсаалын үеэр дээд тал нь 338 мянган хүн оролцсон гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн бол жагсаал зохион байгуулагчдын зүгээс дор хаяж 2 сая хүн оролцсон гэх тооцоог танилцуулаад байна.

Хэрэв энэ удаагийн жагсаалд 2 сая хүн оролцсон нь батлагдвал Хонконгийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаалд тооцогдох юм.

Хуулийн төслийг хэлэлцэх хугацааг хойшлуулснаараа Хонконгийн засгийн газар нийгмийн дунд үүсээд байгаа үймээн самууныг намжаах оролдлого хийсэн боловч эсрэгээрээ ард иргэдийн эсэргүүцлийг улам өдөөсөн үйл явдал боллоо гэж ажиглагчид мэдээлж байна.

Жагсагчдын зүгээс Хятад руу хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг бүрмөсөн цуцлахыг шаардаж, захирагч Керри Ламийг албан тушаалаасаа огцрохыг шаардаад байгаа юм.