АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ТРАМПЫН НЭРЭЭР НЭРЛЭГДСЭН СУУРИН ГОЛАНЫ ӨНДӨРЛӨГТ БАЙГУУЛАГДЛАА

Израил улсын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Голаны өндөрлөгт байгуулахаар болсон шинэхэн суурингаа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын нэрээр нэрлэж байгаагаа өчигдөр албан ёсоор зарлалаа.

Одоогоос 3 сарын өмнө АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Израил болон Сири улсын дунд олон жилийн турш маргаан дэгдээсэн Голаны өндөрлөгийг Израил улсын бүрэн эрхт эзэмшил газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрсний хариуд талархал илэрхийлэх үүднээс энэхүү шийдвэрийг гаргаснаа ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгджээ.

1967 оныг хүртэл Сирийн нутаг дэвсгэрт харьяалагддаг байсан тус өндөрлөгийг ойрх дорнодод гарсан 6 өдрийн дайны үеэр Израил улсын тал эзлэн авч, улмаар Сири улсаас 1973 онд газар нутгаа эргүүлэн авах оролдлого хийсэн ч Израилын талаас эсэргүүцэл үзүүлснээр талаар болсон түүхтэй.

Тус үйл явдлын дараагаар 1981 онд Израил улс Голаны өндөрлөгийг өөрсдийн бүрэн эрхт эзэмшил газар нутгаараа зарлан тунхагласан ч олон улсын зүгээс өнөөг хэр нь албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар ирсэн юм.

Гэтэл өнгөрөгч 3-р сард ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын олон арван жил баримталсан гадаад бодлогод өөрчлөлт оруулж, Сири болон Израилийн стратегийн чухал ач холбогдолтой бүс нутгийг Израилийн эзэмшлээр зарласан тунхагласан нь олон улсаас төдийгүй дотоодоосоо ч хүчтэй шүүмжлэлтэй тулгарч байсан юм.

Тодруулбал энэхүү шийдвэртэй холбогдуулаад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэл хийж, Голаны өндөрлөгийн тал дээр НҮБ-ын баримталж байгаа байр суурь өөрчлөгдөхгүй гэдгийг мэдэгдсэн бол Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадын засгийн газрын гол холбоотнуудын нэг болох ОХУ-ын зүгээс энэхүү шийдвэрийг Ойрх дорнодын бүс нутагт дахин үймээн самуун дэвэргэх нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн шүүмжилжээ.