ЭНЭ САРЫН 19-22-НЫ ӨДРҮҮДЭД НУТГИЙН ЗАРИМ ХЭСГЭЭР  БОРОО ҮРГЭЛЖЛЭН ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Энэ он гарсаар улсын хэмжээнд зургаан аймгийн найман сум, нийслэлийн нэг дүүрэгт нийт 10 удаагийн усны осол гарч 12 хүн нас баржээ. Үүний 9 нь том хүн 3 нь хүүхэд байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон борооны улмаас төв аймгийн лүн суманд дөрвөн настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гараад байгаа юм. Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээллээр, энэ сарын 19-22-ны өдрүүдэд нутгийн зарим хэсгээр  бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Бороо их орсны улмаас гол, мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх эрсдэлтэй  учраас иргэд, аж ахуйн нэгж үерийн эрсдэлтэй бүсээр зорчихгүй байхыг анхааруулж байна.

Цаг уурын байгууллагын мэдээлснээр томоохон гол мөрөн, түүний ай саваар усны түвшин 5-55 сантиметрээр харин зарим газруудад 30-115 сантиметр нэмэгдэж хүчтэй үерлэж байна. Цаашид гол усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлалтай байна.

Түүнчлэн үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн чанартай автозамуудын зорчих хөдөлгөөнийг хэсэг хугацаанд хаасан. Гэвч онцгой байдлын алба хаагчдын шаардлагыг зарим иргэд биелүүлэхгүй байгаа нь өөрсдийгөө эрсдэлд оруулах хүчин зүйл болж байгаа гэдгийг анхаарууллаа.

Тийм учраас голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байгаа юм. Мөн иргэдэд онцгой байдлын байгууллагын зүгээс үерийн аюулын талаарх мэдээллийг цаг тухайд хүргэж байгаа тул сонор сэрэмжтэй байж, алба хаагчдын шаардлагыг биелүүлж байх шаардлагатай юм.