ИЛ ЗАДГАЙ, ХОЛБОЛТ БУРУУ ХИЙГДСЭН ЦАХИЛГААНЫ УТСЫГ НМХГ-ЫН 7012-8012 УТСАНД МЭДЭЭЛЭХ БОЛОМЖТОЙ

Хур бороо ихээр орж байгаа эдгээр өдрүүдэд  ил задгай цахилгааны утсанд хүрч цахилгаанд цохиулж болзошгүй эрсдэл нийслэлд байсаар байна. Та бүхэнд эргэн сэрэмжлүүлэхэд өнгөрсөн жилийн зургаадугаар сард бага насны хүүхэд төмөр хаалганаас ил гарсан цахилгааны утсанд санамсаргүй хүрч, цахилгаанд цохиулан газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарч байсан юм. Тийм учраас иргэд аж ахуй нэгж байгууллагууд цахилгааны холболтыг нормын дагуу хийх, шалбарч, ил гарсан цахилгааны утас байвал холбогдох байгууллагад мэдэгдэж байх шаардлагатайг сануулж байна.

Нийтийн эзэмшлийн зам талбайд ил гарч, шалбарсан цахилгааны утас болон цахилгааны холболтыг буруу хийснээс үүдэж иргэд тогонд цохиулах, галын аюулгүй байдал үүсэх гол нөхцөл болдог. Энэ оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийслэлийн зургаан дүүрэгт хяналт шалгалт явуулахад хэд хэдэн зөрчил илэрсэн байна.

Гэр хорооллын айл өрхүүд хашаанаас хашаа дамжуулж цахилгаан хэрэглэж байгаа нь эрсдэлтэй нөхцөлийг үүсгэж байгаа юм. Учир нь ихэнх айлууд цахилгааны утсаа хашаан дээгүүр эсвэл, газраар дамжуулж байгаа нь норм дүрмийг зөрчсөн үйлдэл юм. Хэдийгээр тог цахилгаанд холбогдох нь нэн чухал хэрэгцээ ч аюулгүй байдлыг чанд мөрдөх шаардлагатай

Түүнчлэн хур бороо их орсон тохиолдолд тог цахилгаанаас үүдэлтэй осол гэмтэл гарах эрсдэлтэй байдаг. Иймд иргэд өөрийн ойр тойрондоо байгаа ил задгай цахилгааны утас, цахилгааны шонг Мэргэжлийн хяналтын байгууллага болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчид компанид мэдээлж зөрчлийг арилгуулах боломжтой юм.