ЭЕШ-ЫН ШАЛГУУЛАГЧИД ОНООГОО НЭГ ЦАГИЙН ДОТОР МЭДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр монгол улсын түүх, физикийн хичээлийн шалгалтаар улсын хэмжээнд эхэллээ. Ингэхдээ боловсролын салбарын 100 жилийн түүхэнд анх удаа элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлж, шалгалтын дүнг нэг цагийн дотор мэдээлэх боломжтой болжээ. Улмаар шалгалтын албан ёсны батламжийг энэ сарын 24-өөс шалгуулагчдад тарааж эхлэх юм байна.

Жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр шалгалтын дүн оноо, засах хугацаатай холбоотойгоор иргэдийн дунд маргаан дэгддэг. Тэгвэл өмнөх жил дархан, ховд аймагт шууд засалтын шилэн технологийг туршсаны үндсэн дээр энэ жилээс улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Ингэхдээ орон нутгийн 21, нийслэлийн 11 шалгалтын төвд тус бүр хоёр ширхэг буюу шууд засалтын нийт 64 шилэн технологийг нэвтрүүлжээ.

Энэ хичээлийн жилд ЭЕШ-д нийт 18130 шалгуулагч бүртгүүлсэн. Эдгээрийн 14540 нь энэ оны төгсөгч, 3590 нь өмнөх оны төгсөгч байна. Шалгуулагчид 4 өдрийн хугацаанд 10 хичээлийн шалгалтаас сонголтоо хийж, шалгалт өгнө. Нэг шалгалтын хугацаа 80 минут байгаа юм. Мөн энэ жилийн тухайд шалгалтыг шууд засах төхөөрөмж нэвтрүүлсэн учраас зөвхөн харандаагаар хариултын хуудас бөглөх шаардлага тавьжээ.

Эеш-ын хичээл тус бүрийн дүн, оноо жагсаалтыг 6-р сарын 21-ний өдрийн 09:00 цагаас өмнө eec.mn цахим хуудсаар дамжуулан мэдээлнэ. Харин батламж хуудсыг 6-р сарын 24-нөөс эхлэн нийслэлийн төгсөгчид сургуулийн захиргаанаас, орон нутгийн төгсөгчид аймгийнхаа боловсрол, соёл урлагийн газраас авах юм байна. Харин өмнөх оны төгсөгчид бүт-өөс батламж хуудсаа авна.