ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ

Хорт хавдрын өвчлөл сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болжээ. Хорт хавдрын улмаас жилд 4000 гаруй хүн хорвоог орхиж, хавдрыг элэгний өвчлөл тэргүүлж байна. Тоон мэдээллээр

- Манай улсад жилд хорт хавдрын 6000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна.

- Хорт хавдартай тэмцэх мэсийн бус гол арга нь  туяа эмчилгээ юм. Дэмб-аас гаргасан судалгаагаар хорт хавдрын тохиолдлын 50-60 хувьд туяа эмчилгээ хийгдэх шаардлагатай гэж үздэг байна.

- Харамсалтай нь тоног төхөөрөмжийн хангалтгүй байдал, технологийн хоцрогдлоос үүдэж шинээр оношлогдсон хавдрын тохиолдлын  15 хүрэхгүй хувьд  нь туяа эмчилгээ хийж иржээ.

- Манай улс туяа эмчилгээний 60 жилийн түүхийн хугацаанд анх удаа "шугаман хурдасгуурт аппарат" нэвтрүүлж, хөгжлийн шинэ үеийг нээлээ.

Ингэснээр туяа эмчилгээнд орох хүлээгдлийн хугацаа багасахаас гадна хүртээмж нэмэгдэх, хавдрын эргэн тойрон дахь эрүүл эд эрхтнийгхамгаалах, туяа эмчилгээний гаж нөлөөг бууруулах боломжтой болж байгаа юм байна.

Хавдрын туяа эмчилгээнд хөгжингүй улс орнуудын 80 гаруй хувь нь шугаман хурдасгуурт туяа эмчилгээг нэвтрүүлж, үлдсэн хувь нь кобальт үүсгүүр бүхий төхөөрөмжийг хэрэглэж байна. Манай улсын тухайд 2015 оноос хойш ЗГ-ын 4 сая еврогийн хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжүүлсэн,  төслийн хүрээнд энэ оны 1-р сараас эхлэн ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгад 2 шугаман хурдасгуур суурилуулж, эмчилгээний бэлтгэл ажил энэ сарын 17-ноос хангагдсан байна.

ХСҮТ одоог хүртэл туяа эмчилгээнд кобальт 60 үүсгүүр бүхий 2 аппарат, 2 болон 3 хэмжээст төлөвлөлтийн систем, энгийн ба компьютер томографт симулятртайгаар улсын хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлж байсан юм.

Шугаман хурдасгуурт туяа эмчилгээг хийх багийнхан төслийн хүрээнд өндөр хөгжилтэй улс орнуудад туяа эмчилгээний чиглэлээр суралцаад байгаа юм байна.