ДОНАЛД ТРАМП 2020 ОНЫ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ АЛБАН ЁСООР ЗАРЛАЛАА

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшинэ гэдгээ өчигдөр албан ёсоор зарлаж, кампанит ажлынхаа гарааг Флорида мужийн Орландо хотоос эхлүүллээ.

Орландо хотын цэнгэлдэхэд цугласан 20 мянган дэмжигчийнхээ өмнө тэрбээр америкийг агуу болгох үйл хэргээ цааш үргэлжлүүлэн, эхлүүлсэн ажлаа дуусгахыг зорьж байгаагаа мэдэгдсэн байна.

Түүнчлэн Тэрбээр АНУ-ын өнөөгийн эдийн засгийн байдал улс эх орных нь түүхэн дэх хамгийн сайн түвшинд хүрснийг мэдэгдээд дэлхий дахины атаархлыг төрүүлэхүйц байгааг онцлон тэмдэглэжээ.

Хэдийгээр ерөнхийлөгч Доналд Трампын төр барьсан 2 жил хагасын хугацаанд АНУ-ын эдийн засаг өсөлттэй үр дүн үзүүлж, ажлын байр нэмэгдсэн ч ард иргэдийнх нь дундах нэр хүнд нь өнөөг хэр нь тааруу үр дүн үзүүлсэн хэвээр байгаа юм.

Судалгааны байгууллагуудын мэдээлснээр ерөнхийлөгч Доналд Трампын нэр хүндийн судалгаа өмнө нь хэзээ ч 46 хувиас дээш гарч байгаагүй төдийгүй өнгөрөгч сард л гэхэд ард иргэдийн дундах нэр хүнд нь 40 хувь хүртлээ буурсан байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх 2020 оны 11-р сарын 3-ны өдөр болох хувиартай байгаа бөгөөд хэрэв ерөнхийлөгч Доналд Трамп ялалт байгуулж, 2024 он хүртэл улиран сонгогдохоор болвол АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай төрийн тэргүүнээр тодрох юм.