ФЭЙСБҮҮК КОМПАНИ КРИПТОВАЛЮТ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛНЭ

2 тэрбум 400 сая хэрэглэгчтэй Фэйсбүүк компани либра нэртэй шинэхэн крипто валютийг зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мягмар гарагт зарлалаа.

Тус компанийн зүгээс крипто валютын гүйлгээгээ хариуцах үүднээс калибра нэртэй охин компани байгуулж, mastercard, visa, paypal, spotify зэрэг 28 компанитай хамтарч ажиллахаар болсноо мэдэгдсэн байна.

Одоогоор хамтрагч байгууллагуудын зүгээс энэхүү төсөлд тус бүр 10 сая америк долларын хөрөнгө оруулалт оруулаад байгаа бөгөөд ирэх жил гэхэд хамтрагч байгууллагуудын тоо 100 болж нэмэгдэнэ хэмээн тооцоолсноо фэйсбүүк компани мэдээлсэн байна.

Технологийн мэргэжилтэн: Рэйчел Лерман                 

"Фэйсбүүк компани уг үйлчилгээгээрээ дамжуулан хэрэглэгч бүртээ ижил тэгш боломж олгоно хэмээн мэдээлж байгаа. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс интернэт худалдаа хийх боломж нээгдэнэ гэсэн үг юм. Учир нь нийт хэрэглэгчдийн 30 хувь нь банкинд ямар нэг дансгүй, эсвэл данс нээлгэх боломжгүй гэх судалгаа гарсан. Тэгэхээр тэдгээр хүмүүсийн тухайд либраг ашиглах боломж нээгдсэнээрээ онлайнаас худалдан авалт хийх нээлттэй болно гэсэн үг юм "

Калибрагийн тусламжтайгаар хэрэглэгчид цахим хэтэвчээ мессенжер, болон ватсаппдаа холбож, өөр хоорондоо мөнгөн гүйлгээ хийх болоод цахим худалдан авалт хийх боломжтойгоороо давуу талтай юм.

 

Гэвч Фэйсбүүк компанийн тухайд хэрэглэгчдийнхээ хувийн нууц мэдээллийг урвуулан ашигладаг гэх хэрэгт холбогдоод байгаа нь хэрэглэгчдийн итгэлийг хүлээхэд амаргүй байна гэж ажиглагчид үзэж байна.

Либра гэх нэрийг эртний ромын хүндийн хэмжүүр, шударга ёсыг билгэдсэн жинлүүрийн ордны нэр болоод франц хэлний эрх чөлөө гэсэн үгнээс санаа авч өгсөн тухайгаа төслийн удирдагчид мэдээлжээ.