Энэ жил 12.000 тонн нөөцийн мах бэлтгэх байсан ч 4000 тонн мах бэлджээ

Манай улс 60 гаруй сая малтай  ч хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны үнэ тогтвортой байж чаддаггүй. Ялангуяа хавраас зуны улиралд шилжих үед махны үнэ өсдөг нь хэвийн үзэгдэл болсон.

Тэгвэл 2010 оны Засгийн газрын тогтоолоор нийслэлийн хүн амын хэрэгцээнд "Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд махны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн жил дараалан нөөцийн мах бэлтгэн хүн амын хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн юм.

- 2010 оноос Засгийн газрын тогтоолын дагуу нөөцийн мах бэлдэхээр болсон ч жил дараалан бэлдэж чадаагүй. Учир нь санхүүжилтийн эх үүсвэр бүрдэхгүй байжээ.

- 2015, 2016 онуудад улсын хэмжээнд нөөцийн мах мөн л бэлдээгүй.  Харин 2017 оноос эхлэн арилжааны банкнаас ААН-үүдэд зээл олгох боломж бүрдсэн байна.

- Ингэснээр  2017 онд 12 мянган тонн, 2018 онд 12,8 мянган тонн мах бэлдэн нийслэл, Дархан-уул, Орхон аймгийн иргэдийн хэрэгцээг хангаж эхэлсэн байна.

- 2019 онд салбарын яамнаас судалгаа хийсний дагуу 12 мянган тонн нөөцийн мах бэлдэх байсан ч хэд хэдэн шалтгааны улмаас 4 мянган тонн нөөцийн мах бэлтгэн  худалдаалсан байна.

 Эрүүл мэндийн сайдын 2017 оны тушаалд монгол хүний өдрийн махны нормыг 120гр гэж тогтоосон байна. Харин Улаанбаатарчуудын хэрэглээг 50,8 мянган тонн гэж салбарын яамнаас тооцон 2019 онд 12 000 тонн нөөцийн мах нийлүүлэхээр болсон. Гэвч цаг агаар, хөрөнгийн эх үүсвэр, экспорт нэмэгдсэн, арилжааны банкны шалгуур зэргээс шалтгаалж энэ жилийн нөөцийн мах оройтож буюу 2-р сард бэлтгэгдсэн байна. Уг нь аан-үүд 8р сараас эхлэн нөөцийн махны бэлтгэл ажилаа эхлүүдэг. Гэвч 2019 оны төсөв 12-сард батлагдаж түүнээс хойш буюу 1-р сард тендер шалгаруулах үйл явц эхэлж 2-р сараас эхлэн аан-үүд мах бэлтгэлийн ажлаа эхэлжээ.

Арилжааны банкны шалгуурт 7 аан-ээс баатрууд тэнгэр, дархан Меат фүүдс, Сүхбаатар мах маркет гэсэн гурван ААН тэнцжээ. ААН-үүдийн хувьд сонгон шалгаруулалт оройтсоноос гадна арилжааны банкны шалгуурт цаг алдаж улмаар мах бэлтгэл оройтсон гэсэн юм. Банкуудын хувьд ихэвчлэн барьцаа хөрөнгө, мөн ямар нэг зээлгүй байх ёстой шалгуур тавьж байсан шалгуурт тэнцсэн аан ердөө 3 байсан юм.

Нөөцийн мах бэлтгэх ААН-д ихэвчлэн хэд хэдэн жил дараалан мах нийлүүлсэн туршлагатай. Тэдний зүгээс банкны шалгалтыг илүү богино хугацаанд хийвэл хүндрэл бага гэж хэлж байна.

Хэрэв нөөцийн махыг цаг хугацаанд бэлдэж чадсан бол махны үнийг бага ч гэсэн барих боломж байсан гэж ААН-ийн төлөөлөл үзэж байна. Харин ирэх онд нөөцийн мах хугацаандаа бэлтгэгдэх боломжтой болжээ.

Гэхдээ иргэдийн гар дээрх махны үнэд экспортын хэмжээ хамгийн их нөлөөлнө гэж аан -ийн төлөөлөл үзэж байна. Ялангуяа малыг хөлөөр нь гаргах сургаар малчид малаа үнэ хүргэж улмаар иргэдийн гар дээр мах өндөр үнээр борлуулагдах эрсдэлтэй.