НИЙСЛЭЛИЙН 45 СУРГУУЛИЙН ЦАЙНЫ ГАЗРААС АРЧДАС АВЧ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХАД 22 ХУВЬ НЬ НЯНГИЙН БОХИРДОЛТОЙ ГАРЧЭЭ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургууль, үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтад нийслэлийн 121 сургууль, үдийн цай хэрэгжүүлэгч 79 аж ахуйн нэгж хамрагдсан байна. Шалгалтын явцад хүнсний чанар стандарт алдагдсан хэд хэдэн зөрчил илэрчээ. Тиймээс ирэх намар шинэ хичээлийн жил хүртэл зөрчил дутагдлаа арилгахыг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн боловсролын газарт анхааруулжээ.

2018-2019 оны хичээлийн жилд "Үдийн цай хөтөлбөр" төрийн өмчийн 123 сургууль, төрийн бус өмчийн 94 сургуулийн 1-5 ангийн 150.000 гаруй сурагч хамрагджээ. Улмаар хяналт шалгалтаар ерөнхий боловсролын 45 сургуулийн цайны газрын  эрүүл зүйн 300 арчдас авч шинжилгээнд хамруулахад 22 хувь нь нянгийн бохирдолтой гарсан байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 65 сургууль хоол үйлдвэрлэл явуулах зориулалтын гал тогоотой байна. Харин үлдсэн сургуулиуд хоол үйлдвэрлэл үйлчилгээг зориулалтын бус орчинд явуулж байгаа. Зориулалтын бус орчинд хоол үйлдвэрлэл явуулах нь эрүүл ахуй , хүнсний чанар алдагдахад хүрч байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн удаад Сингапур Монголын хамтарсан сургуульд ариун цэврийн шаардлагад нийцээгүй орчинд үйлдвэрлэсэн хоолноос сурагч багш нар хордсон байдаг.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөрчил арилгах талаар нийслэлийн боловсролын газар болон ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад холбогдох шаардлагыг тавьж байгаа юм. Сурагчдын амралтын гурван сарын хугацаанд сургуулийн их, бага засварууд хийгддэг. Өнгөрсөн жил сургуулийн засвар удааширч хичээл эхлэх хугацааг зарим сургуулиудад  7-с нэг хүртэл сар сунгаж байсан. Тэгвэл үдийн хоол хөтөлбөр 2020 оноос хэрэгжиж эхэлнэ. Энэ хугацаанд зориулалтын бус гал тогоотой сургуулиуд асуудлаа шийдвэрлэж амжих нь эргэлзээтэй байна.