ЭНЭ ЖИЛ ХҮҮХДИЙН ЗУСЛАН ӨДРИЙН 30-35 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА

Жил ирэх бүр зусланд амрах хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн жил гэхэд хүүхдийн зусланд давхардсан тоогоор 23 мянган хүүхэд амарсан нь өмнөх жилээс 6000-аар өссөн үзүүлэлт юм. Хүүхдийн зуслан хүүхдийг олон талаар хөгжүүлж бие даах чадварыг нь дээшлүүлдэг. Энэ ч утгаараа эцэг эхчүүдийг хүүхдийнхээ насны онцлогт тохирсон сургалт хөтөлбөртэй зусланг сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

6-с дээш 18 хүртэлх бүх насны хүүхэд хүүхдийн зусланд амрах боломжтой. Энэ жил хүүхдийн зуслангууд 6-р сарын 9,10-наас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Зуслангийн үнийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн газраас тогтоодог. Энэ жилийн хувьд зуслангууд өдрийн 30-35 мянган төгрөгийн ханштай, долоо хоногийн ээлж нь 210-240 мянган төгрөгийн үнэтэй байна. Нийслэлийн хэмжээнд албан ёсоор 35 зуслан байдгаас 21 нь үйл ажиллагаа явуулах эрхтэй байна.

Нйислэлийн ойролцоох зуслангууд хүчин чадлаасаа хамаарч нэг дор 60-300 хүүхэд элсүүлэх боломжтой . Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг цөөн зуслангууд олон улсын статустай байдаг. Эдгээр зуслан олон улсын солилцоогоор багш мэргэжилтнүүдээ солилцож туршлага судалдаг байна. Дээрх зуслангуудад жилдээ 100-150 олон улсын хүүхдүүд ирж амардаг байна.

Өнгөрсөн жилээс зусланд төсвийн хөрөнгө оруулалтаар хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байна. Хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх олон төрлийн арга хэмжээ зусланд хэрэгждэг болсон байна.

Хүүхдийн зуслан сургалт хөтөлбөрийн чиглэлээс хамаарч хүүхдийг хөгжүүлэх сургалт, дамжаа дугуйлангуудыг ээлжиндээ багтаадаг байна. Тухайлбал хүүхдийн зуслан дуу бүжиг, спорт, гар урлал, гадаад хэл, iq зэрэг дугуйлан хичээллүүлдэг байна. Мөн хүүхдүүдэд байгалийн нөөцийг зохистой ашиглах замаар байгалиа хайрлах дадал хэвшлийг суулгаж байгаа жишиг зуслан ч байгаа юм.