УСАН ОРГИЛУУРЫН УРСГАЛ ЗАСВАРЫН ЗАРДАЛ ӨНДӨР БАЙДАГ Ч НИЙСЛЭЛД ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

Зуны аагим халуунд Нийслэлчүүдийн амралт зугаалгын нэг таатай хэсэг нь усан оргилуур байдаг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 130 гаруй усан оргилуур байдаг ч тодорхой шалтгааны улмаас ихэнх нь ажилладаггүй.  Усан оргилууруудыг харьяа дүүрэгт нь хариуцуулж өгсөн байдаг ч зардал төсөв хүрэлцэхгүйгээс гадна усан оргилуурын тоног төхөөрөмжийг хулгайд алдах зэргээс шалтгаалж ийнхүү тогтмол ажиллуулж чаддаггүй байна.

Нийслэлийн хэмжээнд байх томоохон усан оргилууруудыг Нийслэлийн тохижилт үйлчилгээний газар хариуцдаг. Харин хорооллын дундах болоод жижиг хэмжээтэй усан оргилуурыг тухайн дүүрэг нь хариуцаж ажиллуулдаг. Гэвч зарим усан оргилуурууд ажиллахгүй хариуцах эзэнгүй мэт байсаар байна. Энэ мэт ажиллахгүй байгаа усан оргилуурыг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас дүүрэг бүрт нь үүрэг болгосон ч төдийлөн үр дүнд хүрч чаддагүй гэлээ.

Сүхбаатар дүүргийн тухайд 20 усан оргилуур байдаг ч 17 нь цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Мөн тус дүүргийн тухайд усан оргилуурыг ойролцоох аж ахуйн нэгжид хариуцуулсан байна. Ингэснээр өдөр бүрийн арчилгааг тогтмол хийх боломж бүрдэж байгаа юм.

Харин Сүхбаатар дүүрэгтэй газар нутаг, хүн амын тоо ойролцоо Чингэлтэй дүүргийн тухайд есөн усан оргилуур байдаг ч таван усан оргилуур нь засвартай гэх шалтгаанаар ажиллахгүй байна.

Хэдийгээр арчлалт, урсгал засвар болоод ус ашигласны зардал өндөр гардаг ч нийслэлчүүдэд усан оргилуур дутагдаж байна. Түүнчлэн нийслэл шиг тоосжилт, орчны бохирдол ихтэй газарт усан оргилуур зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг билээ.