МАНАЙ УЛСАД УРТ ХУГАЦААНЫ АСАРГАА, СУВИЛГААНЫ ЧАНАР ХҮРТЭЭМЖ ТААРУУ БАЙНА

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны чанар хүртээмжийг сайжруулснаар нөхөн сэргээх эмчилгээний үр дүн сайжирна. Үүний хажуугаар нийгэмших, хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх замаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанар дээшлэх ач холбогдолтой юм. Гэвч манай улсад асаргаа, сувилгаа, эрүүл мэнд, нийгмийн тусламж шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд зориулсан үйлчилгээний чанар, хүртээмж тааруу байна.

Байнгын асаргаа шаардлагатай өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ихэвчлэн ар гэрийн аль нэг гишүүн нь гэрээр асардаг. Тэдгээр хүмүүс ажил хөдөлмөрөө хойш тавьж асаргаа хийдэг учраас өрхийн эдийн засагт хүнд дарамт болдог байна. 

Азийн өндөр хөгжилтэй зарим улсад даатгалын тогтолцоогоор дамжуулан урт хугацааны асаргаатай хүн, болон түүнийг асарч байгаа хүнд шаардагдах санхүүг бүрэн хэмжээнд шийддэг жишиг байдаг. Мөн өндөр настан,хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн сэргээх эмчилгээг үр дүнтэй болгох, мөн нийгмийн тусламж, өдөр тутмын асаргаа зэрэг нь тус тусдаа ойлголт болохыг мэргэжлийн байгууллагын төлөөллүүд онцолж байна.

 Асаргааны хэрэгцээний талаарх тандалт судалгаагаар иргэд, мэргэжлийн байгууллагууд зорилтот бүлэгт чиглэсэн халамж, асрамжийн үйлчилгээний талаар төрөөс баримталж байгаа бодлого оновчгүй, тодорхой бус гэх байр суурийг илэрхийлжээ. Мөн танил талаараа хөгжлийн бэрхшээлтэй хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлэн төрөөс хэрэгжүүлж байгаа халамжийн үйлчилгээ зорилтот бус хүмүүс авах асуудал байсаар байгааг онцолж байна.