ЧЕХ УЛСАД 250.000 ХҮНИЙГ ХАМАРСАН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Чех улсын нийслэл Прага хотод ерөнхий сайд Андрей Бабишийг албан тушаалаасаа огцрохыг шаардсан томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдлаа.

Жагсаалын үеэр нийтдээ 250 мянга орчим хүн оролцсон нь 1989 онд гарсан Хилэн хувьсгалаас хойших хамгийн өргөн цар хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаалд тооцогдож байгаа юм.

Чех улсын хоёр дахь тэргүүн баян хэмээн нэрлэгддэг Андрей Бабишийн тухайд 2017 онд Ано намын тэргүүнээр сонгогдож, зүүний жигүүрийн Социал Демократ намтай хамтарсан эвслийн засгийн газар байгуулснаар засгийн эрх мэдлийг гартаа авчээ. 

Улмаар тэрбээр Европын холбооноос олгосон татаасыг буруугаар ашиглаж, ашиг сонирхлын зөрчил гаргасан хэрэгт нэр холбогдсоноор албан тушаалаасаа огцрох дарамт шахалттай тулгарсны дээр хууль зүйн сайдыг огцруулж өөрийн ойрын хүн болох Мэри Бенесоваг томилсон нь ард иргэдийнх нь эсэргүүцлийг улам өдөөсөн байна.

Харин Ерөнхий сайд Андрей Бабишийн зүгээс өөрт нь тулгаж буй дээрх хэргүүдийг огт ор үндэсгүй гэсэн тайлбарыг өгөөд улс төрийн зорилготой зохион байгуулалттай үйл ажиллагаа хэмээн тодорхойлжээ.

Түүнчлэн тэрбээр Чехийн засгийн газар гадаадын зээл тусламжийг зориулалтын бусаар ашигласан гэх Европын холбооны тайланг эрс няцаан,  зээл тусламжийн мөнгийг эргүүлэн өгөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.