Энэтхэг улсын зургаа дахь том хот болох Ченнайд ундны усны гол нөөцүүд хоосорсны улмаас тус хотын 5 сая орчим хүн ундны усны хомсдолд ороод байна.
Үүнтэй холбогдуулаад засгийн газраас оршин суугчдад зориулан зөөврийн машинаар ус түгээх арга хэмжээ авч байгаа ч нөөц ус олж авахын тулд иргэд олон цагаар урт дараалалд зогсох шаардлагатай тулгарч байгаагийн дээр ус авахын төлөө хөршийгөө хутгалсан хэргүүд ч гарч, эмх замбараагүй байдал газар авах болсныг албаныхан мэдээлжээ.
Ченнай хотын оршин суугч
"Бид ундны усгүй маш их зүдэрч байгаа. Нэг усны машин ердөө 50 өрхийг л усаар хангадаг. Усны машин ирж ус түгээхээс нааш бидэнд ус олж авах ямар ч эх үүсвэр байхгүй болсон."
Усны нөөц шавхагдаж байгаатай холбогдуулаад Ченнай хотын ресторан хоолны газрууд түр хугацаагаар үүд хаалгаа бариад байгаагийн зэрэгцээ эмнэлэг, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа саатаад байна.
Энэтхэгийн засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу хотын захиргаа шинээр цооног гаргаж, усны нэмэлт эх үүсвэр бий болгохоор ажиллаж байгаа ч төдийлөн бүтэлтэй биш байна гэж албаныхан мэдээлжээ. Улмаар хотын усны хомсдолыг арилгах ганц аврагч нь бороо болоод байгаа талаар мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Төрөөс ундны усны тал дээр зохицуулалт муу, иргэд дураараа ямар ч хяналтгүйгээр гүний худаг гаргадаг явдлаас болж дан ганц Ченнай гэлтгүй энэтхэг улс даяар нийтдээ 600 сая орчим иргэн цэвэр усны хомсдолд өртөөд байна.
Судлаачдын мэдээлснээр 2020 он гэхэд энэтхэг улсын нийслэл Шинэ дели хот тэргүүтэй нийтдээ 21 томоохон хот гүний усны хомсдолд орох бөгөөд 2030 он гэхэд 1 тэрбум 300 сая хүнтэй энэтхэг улсын 40 хувь нь усны гачигдалд орохыг анхааруулаад байгаа юм.