ХОМ-ийн хяналт шалгалтаар 23 албан тушаалтнаас дөрвөн албан тушаалтан хууль зөрчсөн нь тогтоогджээ

Авлигатай тэмцэх газраас 6-р сарын тайлант хугацаанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу шинээр томилогдсон албан тушаалтнуудын хөрөнгө оруулгын мэдээллийг бүртгэсэн байна.

Тус тайлант хугацаанд АТГ нийт 23 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан байна. Шалгалтаар нийт дөрвөн албан тушаалтан авлигын эсрэг хуульд заасан "Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй" гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогджээ.

Нийт дөрвөн албан тушаалтнаас нэг албан тушаалтныг ажлаас халах, нэг албан тушаалтныг цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, хоёр албан тушаалтанд сануулах арга хэмжээ тооцуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн байна. Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 914 этгээдийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авч 962 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.