Манай улсад  элэгний хатуурал болоод хорт хавдрын улмаас жилд дунджаар 2600 хүн нас бардаг байна

Энэ амралтын өдрүүдэд монголын сагсан бөмбөгийн тамирчин АНУ-д эрүүл мэндийн байдал муу байгаа тухай мэдээ цахим сүлжээгээр тарж, түүний элэг солиулах мэс заслын зардлыг олохоор монголчууд хандивын аян өрнүүлээд байгаа. Хэдийгээр энэ нь ганц хүнийг тойрсон үйл явдал ч гэлээ монголчуудын нас баралтын хамгийн тэргүүн эгнээнд бичигддэг элэгний хорт хавдар зэрэг элэгний вирусээс үүдэлтэй өвчлөлүүдийн талаар бидэнд дахин сануулж, сэрэмжлүүлсэн үйл явдал юм.

МУ-ын ЗГ-аас 2017 оноос хойш "Элэг бүтэн монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хугацаанд 860 гаруй мянган иргэнийг элэгний "В, С" вирусийн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 10 гаруй хувьд нь элэгний "С" вирус илэрсэн бол 9 орчим хувьд нь элэгний "В" вирус илэрчээ. Шинжилгээнд хамрагдсан эдгээр 860 гаруй мянган иргэний ард шинжилгээнд хамрагдаагүй хоёр сая гаруй иргэн байгаа юм. Тэгвэл эрсдэлтэй ирээдүйг бий болгохгүйн тулд иргэн та  харьяалалтай хороо болон сумдын эмнэлэгт очин элэгний вирусийн шинжилгээнд хамрагдах боломжтой юм.

- Манай улсад  элэгний хатуурал болоод хорт хавдрын улмаас жилд дунджаар 2600 хүн нас бардаг гэсэн тоо байна. Энэ нь хорт хавдраар нас барагсдын 15 орчим хувийг эзэлж байна.

- Түүнчлэн дэлхийн эрүүл мэндийн байгууллага болоод эрүүл мэндийн яамнаас хийсэн түүвэр судалгаагаар манай улсад 400.000 хүн В, С вирусээр халдварлагдсан байх магадлалтай юм.

- Манай улсын хэмжээнд хепатитийн вирусийн архаг халдварын түвшин өндөр байгаа нь цаашид элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлэх эрсдэл үүсгэж байгаа юм. Тиймээс иргэд цаг алдалгүй  урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж, вирус илэрсэн тохиолдолд эмчийн хяналт нь дор эмчилгээ хийлгэснээр элэгний В, С вирусээр үүсгэгдэх элэгний өвчлөлүүдийг эрсдэл багатай тойрч гарах боломжтой юм.

- ЗГ-аас хэрэгжүүлж байгаа "Элэг бүтэн монгол" хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд элэгний В, С вирусийн халдварын тархалтыг хязгаарлах зорилт тавиад байгаа юм.

Элэгний вирус нь дотроо дөрвөн төрөл байдаг. Үүнд А, В, С, болон делта вирус багтдаг байна. Манай орны тухайд А, В болон С вирусийг эмчилж байгаа. Харин делта вирусийн эмчлэх эмийн эмнэл зүйн судалгааг олон улсын эрдэмтэд судалж байна.

Салбарын яамны зүгээс 860.000 гаруй иргэнийг гепатит вирусийн шинжилгээнд хамруулсан. Харин эрүүл мэндийн даатгал төлдөггүй 60 орчим мянган иргэнийг шинжилгээнд хамруулсан байна.

Мөн хүүхдийг дөнгөж төрмөгц 24 цагийн дотор в болон с вирусийн дархлаа тогтоох вакциныг хийж байгаа. Харин иргэд сайн дураар халдварт өвчин судлалын үндэсний төвд очин дархлаа тогтоох вакциныг хийлгэж өөрийгөө хамгаалах боломжтой.

Элэг бүтэн монгол хөтөлбөрийг олон улсын хэмжээнд жишиг хөтөлбөр гэж үнэлдэг. Түүнчлэн манай улс шиг гепатит вирусийн шинжилгээ болоод эм, тариа үнэ төлбөргүй улс ховор байдаг гэдгийг мэргэжилтнүүдийн зүгээс хэлж байлаа. Тийм учраас хөтөлбөр хэрэгжих хугацаанд амжин ойролцоох өрхийн болон сумын эрүүл мэндийн төвд хандаж шинжилгээ өгч, хэрвээ вирус илэрсэн бол эмчлүүлэхийг зөвлөж байна.