Зах зээлийн судалгаагүй үйлдвэрлэсэн илүүдэл бүтээгдэхүүнийг шошгоор далдлах зөрчил гардаг

Манай улсад 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгын үндэсний стандарт МNS:6648 хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ стандартаар хүнсний бүтээгдэхүүний шошгод хадгалах нөхцөл, хугацаа, шим тэжээлийн мэдэгдэл, эрүүл мэндийн мэдэгдэл зэргийг багтаахыг тусгасан. Гэвч энэ стандартыг хүнсний бүтээгдэхүүн дээр мөрдөхгүй байх тохиолдол байна.

Хүнсний бүтээгдэхүүний шошгод хадгалах нөхцөл, хугацааг бүрэн мэдээлээгүйгээс хүнсний эрүүл ахуй алдагддаг. Тэгвэл гурван сараас доош хадгалалттай, түргэн гэмтэх, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон хэрэглээний дуусах хугацаа он сар өдрийн хамт мэдээлсэн байх ёстой. Тэгвэл гурван сараас дээш хадгалалттай бүтээгдэхүүнд үйлдвэрлэсэн болон хэрэглээний дуусах хугацаа он сартайгаар мэдээлсэн байх ёстой байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний чанар, эрүүл ахуйн хяналтын чиглэлээр шалгалт явуулахад 104 аж ахуй нэгж буюу нийт шалгалтад хамрагдсан газруудын 40.4 хувь нь хүнсний бүтээгдэхүүний шошго, сав баглаа боодлын стандартын шаардлага хангаагүй, савласан бүтээгдэхүүнийг дагалдах шошгыг шаардлага хангуулаагүй худалдаанд гаргаж байсан зөрчил илэрчээ.