АНУ ИРАН УЛСЫН ЭСРЭГ ХОРИГОО ЧАНГАТГАЖ, БҮС НУТГИЙН ХУРЦАДМАЛ БАЙДЛЫГ УЛАМ ӨДӨӨЛӨӨ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иран улсын дээд удирдагч  Аятолла Аль-Хаманей тэргүүтэй бусад дээд хэмжээний албаны хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах  шийдвэр гаргаснаа зарлажээ.

Өнгөрөгч долоо хоногт Иран улсын талаас АНУ-ын армийн дронд цохилт өгч устгасан хэргийн хариу болгож тэрбээр ийнхүү Иран улсын дайсагнасан үйл ажиллагааны гол буруутан болох дээд удирдагч Аятолла Аль-Хаманей рүү тусгайлан чиглэсэн хориг тавьж байгаагаа мэдэгджээ. Иран улсын улс төр, цэрэг арми төдийгүй эдийн засгийн үйл ажиллагаанд онцгой эрх мэдэлтэй оролцдог дээд удирдагчид нь хориг тавьсны улмаас түүний гадаад санхүүгийн эх үүсвэрт хандах эрхийг бүрэн хориглож байгаа юм.Энэхүү шийдвэртэй холбогдуулаад Иран улсын ерөнхий сайд Жавад Зариф өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, АНУ-ыг дайн өдөөхийг санаархаж байгаа хэрэгт буруутгажээ. 

Энэ сарын эхэнд Оманы буланд газрын тос тээвэрлэгч хоёр ч хөлөг онгоц халдлагад өртсөнтэй холбогдуулаад АНУ-аас тус халдлагын ард Ираны засгийн газрыг буруутай хэмээн мэдэгдсэн нь бүс нутгийн маргаантай байдлыг улам даамжруулсан юм. Улмаар өнгөрөгч долоо хоногт АНУ-ын армийн дроныг Иран улсын талаас буудаж унагасан нь гал дээр тос нэмсэн үйл явдал болсон талаар ажиглагчид мэдээлж байна. Харин Иран улсын талаас дээрх хэрэгт тайлбар өгч, АНУ-ын армийн дрон агаарын хилд нь зөвшөөрөлгүй нэвтэрсэн тул шаардлагатай арга хэмжээг авсан хэмээн мэдэгджээ.