УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД САНХҮҮЖИЛТИЙГ ОЛОН НИЙТЭД, ТӨСӨВТ ТАЙЛАГНАХ ҮҮРЭГ ОЛГООГҮЙ

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдсан гол асуудлын нэг бол намын чиг үүрэг, санхүүжилтийг тодорхойлсон нэмэлт юм. Хэдийгээр энэ нэмэлтээр намын  бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно гэж заасан ч намын гишүүнчлэлээс татгалзаж байж  хэрэгжих боломжтой гэж улс төрчид, судлаачид үзэж байна.

Улс төрийн намын санхүүжилтийн эх үүсвэр нь гишүүд дэмжигчдийн хандив, гишүүдийн татварын орлого мөн УИХ-д суудалтай намууд жил бүр  улсын төсвөөс суудал тус бүрийн тоогоор авдаг санхүүжилт юм. Гэвч сонгуулийн тухай хуулийн дагуу нам эвсэл сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 45 хоногт багтаж тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх тухай заасан ч бүрэн гүйцэд ил тод гаргадаг нам байдаггүй гэж хэлж болно. Энэ байдлыг засаж залруулахад үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон нэмэлт орсон.

19.1 намын иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.

19.2-т намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно гэж оруулж өгсөн. Гэвч бодит байдалд намууд гишүүнчлэлээс татгалзаж байж төрөөс санхүүгийн дэмжлэг авч лоббид автахгүй сонгуульд оролцох боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байх гэсэн заалтыг ахиж харах хэрэгтэй гэдгийг хуульчдын зүгээс хэлж байна.

Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтөд санхүүжилтийг төрөөс дэмжинэ гэж зааж байгаа бол одоо хэлэлцэгдэж байгаа улс төрийн намын санхүүжилтийн хуульд орох нэмэлт өөрчлөлтөд илүү тодорхой тусгах хяналтын механизмыг сайжруулах зэрэг санааг судлаачид онцоллоо.