БЗД-ИЙН 25-Р ХОРООНЫ ИРГЭД СТАНДАРТ БУС БАРИЛГЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Нийслэлд барилгын норм дүрмийг зөрчиж, олон нийтийн зам талбай, зорчих хэсэгт сүндэрлэсэн олон барилга байдаг. Үүний нэгэн жишээ нь Баянзүрх дүүргийн 25-р хорооны 76-р байрны ард баригдаж байгаа барилга юм. Уг барилгын тухайд ойролцоох барилгатайгаа хэт ойрхон. Хэрэв баригдлаа гэж бодоход тоглоомын талбай, авто зогсоол огт байхгүй 60 айлын есөн давхар барилга босох юм.

Барилга баригдаж байгаа хэсгийн автомашины зам нь давчуу, зөвхөн нэг машин явах боломжтой. Харин энэ барилга баригдсанаар зай талбай улам нарийсах эрсдэлтэй байгаа юм. Түүнчлэн энэ орчинд 111-р сургууль болоод хувийн хэвшлийн хоёр томоохон сургууль байдаг бөгөөд сурагчдын гол зорчдог хэсэг юм.

Барилгын ажил эхэлснээс хойш 76-р байрны сууринд гурван сантиметр орчим хазайлт өгсөн байна. Хазайсны улмаас барилгын зоорийн давхарт хагаралт үүсэж бороо орох бүрд борооны ус нэвчдэг байна.

Барилгын норм дүрмийн 2.11-т орон сууц хоорондын, орон сууц олон нийтийн барилга байгууламж хоорондын болон орон сууц үйлдвэрийн барилга байгууламж хоорондын нарны тусгалд хамааралтай зайг дөрвөөс дээш давхар бол 20 метрээс багагүй байна гэж заасан байдаг. 2013 оноос хойш иргэдийн өргөдлөөр барилгын ажлыг зогсоох хэд хэдэн шийдвэр гарч байсан ч эргээд л барьж эхэлдэг гэдгийг оршин суугчдын зүгээс хэлж байлаа.