АНУ БОЛОН ИРАН УЛСЫН ХАРИЛЦАА УЛАМ ХУРЦАДЛАА

Энэ долоо хоногийн эхэнд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иран улсын дээд удирдагч Аятолла аль-Хаманей тэргүүтэй бусад дээд хэмжээний албаны хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан юм. 

Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын армийн дроныг Иран улсын талаас цохилт өгч устгасан хэргийн шийтгэл болгож тэрбээр хориг арга хэмжээгээ чангатгасан гэсэн тайлбарыг өгсөн бол Иран улсын талаас үүнийг дайн гаргах гэсэн өдөөн хатгалга хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.

Хассан Рухани                  Иран улсын ерөнхийлөгч

"Бүхэл бүтэн улсын дээд удирдагчийн эсрэг хориг тавина гэдэг бол эрээ цээргүй, увайгүй үйлдэл. АНУ-аас манай улстай яриа хэлэлцээр хийх хүсэлтээ уламжилсан ч үүнийхээ хажуугаар бидний эсрэг хориг тавьж байгаа нь Вашингтоны эрх баригчид хэлэлцээр хийх хүсэлгүй байгаа гэдгийг илтгэн харуулж байна."

Иран улсын ерөнхийлөгч Хассан Руханигийн энэхүү мэдэгдлийн хариуд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп твиттер хуудсаараа дамжуулан анхааруулга өгч, улс орных нь эсрэг ирсэн ямар ч халдлагын хариуд хүчтэй цохилт үзүүлж Иран улсыг ул мөргүй устгана гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр Ираны эрх баригчидтай ойлголцох цорын ганц арга зам бол зэр зэвсгийн хүч ашиглах явдал гэдгийг мэдэгдээд АНУ-ыг дэлхийн хамгийн хүчирхэг армитай улс гэдгийг мартаж болохгүй гэсэн  анхааруулгыг өгсөн байна.

Хоёр орны дунд үүсээд байгаа хурцадмал байдал улам эрчимжиж байгаатай холбогдуулаад дайн гарах болгоомжлол үүсээд байгааг ажиглагчид мэдээлсэн юм.

Ахмед Муссали               Улс төр судлаач

"АНУ-аас хориг арга хэмжээ авч байгаа нь дайн өдөөх үндсэн хэрэгсэл болж хувираад байна. Иран улс ч үүнийг зүгээр хараад суухгүй нь лавтай. Тиймээс хоёр орны дунд хурцадмал байдал улам эрчимжиж байгаа энэ цаг үед АНУ-ын гаргасан шийдвэр ухаалаг алхам болсон гэж бодохгүй байна."

Иран улсын эрх баригчид АНУ-ын армийн дроныг агаарын хилд нь зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэсэн шалтгаанаар цохилт өгснөө хүлээн зөвшөөрсөн ч АНУ армийн дроноо Ираны хил рүү нэвтрээгүй олон улсын агаарын зайд зорчиж явсан гэсэн тайлбарыг өгөөд байна.