ЦАГААЧИД АНУ РУУ ХУУЛЬ БУСААР НЭВТРЭХДЭЭ АЮУЛТАЙ ЗАМ СОНГОЖ,  АМЬ ЭРСДЭХ НЬ НЭМЭГДСЭЭР БАЙНА

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын цагаачлалын эсрэг хатуу бодлогын улмаас тус улсын хилээр нэвтрэхийг хүссэн цагаачид аюултай замуудыг сонгож амь эрсдэх нь нэмэгдэх болсныг албаныхан анхааруулжээ.

Даваа гарагт л гэхэд АНУ-ын Мексикийн хилтэй залгаа баруун өмнөд хэсэгт орших Рио Гранде хэмээх голд аав охин хоёр живсэн байдалтай олдсон нь 2015 оны Сирийн дүрвэгч хүүгийн түүхийг санагдуулам үйл явдал болсныг томоохон хэвлэлүүдээр онцолж байгаа юм.

26 настай Оскар Альберто Рамирез эхнэр хүүхдийнхээ хамтаар Сальвадор улсаас дүрвэн Рио Гранде голыг гатлан АНУ-ын хилээр нэвтрэхийг зорьсон  ч 2 настай охинтойгоо хамт голын хүчтэй урсгалд түрэгдэн  хоёул амь үрэгдсэн талаар албаныхан мэдээлжээ.

Ерөнхийлөгч Доналд Трампын хууль бус цагаачдын тоог бууруулах зорилтын хүрээнд цагаачлал хүсэгч иргэд Америкийн талаас хариу өгөх хүртэл нь Мексикийн хил дээр хүлээх шаардлагатай тулгардаг байна.

Гэвч энэ нь хэдэн жил дамнан үргэлжилдэг учраас хориотой газруудаар нэвтрэх зэрэг амь насандаа эрсдэлтэй сонголтуудыг хийхэд хүрч байна гэж хилийн ажилтнууд мэдээлжээ.

Эдийн засгийн хямралд өртөж, хүчирхийлэл ядуурал газар авсан Төв Америкийн Гватемал, Гондурас, Сальвадор зэрэг орнуудаас дүрвэж, орогнол эрэн  АНУ-ыг зорьж байгаа дүрвэгсдийн цувааг зогсоохын тулд Мексик улс үндэсний Гвардийн 15 мянган цэргээ хилийн хамгаалалт руу илгээгээд байгаа юм байна.