Энэ сарын 28-29-ны өдрүүдэд Япон улсын Осака хотноо зохион байгуулагдах ИХ 20-ийн чуулга уулзалтаар удирдагчид дэлхий дахинд тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа хуванцрын хог хаягдлыг бууруулах арга замын талаар хэлэлцэхээр болжээ. Япон улсын тухайд байгаль орчны төлөөх бодлогоороо дэлхийн бусад улс орнуудтай хөл нийлүүлэн алхаж, хог хаягдлыг дахин боловсруулах ажлынхаа хүрээнд Токио-2020 зуны олимпийн их наадмын үеэр ялалт байгуулсан баг тамирчдын медалиудыг дахин боловсруулсан материалаар үйлдвэрлэнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Энэ долоо хоногийн сүүлээр Их 20-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаад байгаа Япон улс байгаль орчны төлөөх бодлогоороо дэлхийн бусад улс орнуудыг манлайлах зорилтоо танилцуулаад байна.

Дэлхий дахин дахь хуванцар хог хаягдлын тал хувийг Их 20-ийн гишүүн орнууд үйлдвэрлэдэг гэх тооцоо гарсан бөгөөд тэр ч үүднээсээ энэ удаагийн чуулганы гол хэлэлцэх сэдвүүдийн нэг нь хуванцрын хог хаягдлыг бууруулах асуудал байх болно гэж ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгджээ.

Нэг хүнд оногдох хуванцар сав,  баглаа боодлын хэмжээгээр Япон улс АНУ-ын араас хоёрдугаарт бичигддэг бол хог хаягдлын экспортоороо мөн л дэлхийд хоёрдугаарт жагсдаг байна.

Тус улсын хамгийн том импортлогч Хятад улс өнгөрөгч онд гадаадын улс орнуудаас хог хаягдал импортлохоо бүрмөсөн зогсоох шийдвэр гаргаснаар хог хаягдлынхаа учрыг өөрсдөө олох гэсэн сонголттой тулгарсан талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлсэн юм.

Эйчи Фурусава "Кyoei" корпорацийн гүйцэтгэх захирал

"Бид хог хаягдлаа гадны улс орнууд руу экспортлохыг хүссэн ч үүнийг хүлээж авдаг орон гэж одоо байхгүй болсон. Өмнө нь Япон улс дор хаяж 1 сая 300 мянган тонн хуванцар хог хаягдал импортолдог байсан бол сүүлийн жилүүдэд энэ нь сая тонноор буураад байна."

Хэдийгээр Япон улсын хог хаягдлын экспорт сүүлийн жилүүдэд буурсан гэсэн үзүүлэлттэй байгаа ч энэ нь эсрэгээрээ хууль бус экспорт нэмэгдэх шалтгаан болох эрсдэлтэй гэж ажиглагчид мэдээлжээ.

Хятад улс хог хаягдлын импортоо зогсоосонтой холбогдуулаад хөгжингүй улс орнуудын зүгээс шинэ байгаараа Малайз, Филиппин зэрэг зүүн хойд азийн улс орнуудыг сонгон авч, хууль бус хог хаягдлуудаа илгээх болсон байна. Улмаар тэдгээр орнуудын зүгээс баян чинээлэг орнуудын хогийн цэг болохгүй гэдгээ мэдэгдэн хог хаягдлуудыг нь буцаан илгээх арга хэмжээ аваад байгаа юм.