АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧДИЙН ДУНДАХ АНХНЫ МЭТГЭЛЦЭЭН ЯВАГДЛАА

АНУ-д ирэх 2020 онд зохион байгуулагдах ерөнхийлөгчийн сонгуулиар ардчилсан намын сунгаанд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн дундах анхны халз мэтгэлцээн лхагва гарагт явагдлаа.   

Нийтдээ 10 улс төрч оролцсон эхний шатны халз мэтгэлцээний үеэр оролцогчид эрүүл мэндийн үйлчилгээ, цагаачлалын бодлогын асуудлууд илүү төвлөрч хэлэлцсэн бөгөөд ажиглагчдын зүгээс энэ удаагийн мэтгэлцээний онцлох нэр дэвшигчээр Массачусетс мужийн сенатч элизабет уорреныг нэрлэж байна.

Харин ардчилсан намын сунгаанд ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчдээр нэрлэгдээд байгаа дэд ерөнхийлөгч асан Жо Байден болон Вермонт мужийн сенатч Берни Сандерс тэргүүтэй нэр бүхий улс төрчдийн тухайд өнөөдөр буюу пүрэв гарагт халз мэтгэлцээн хийх хувиартай байгаа юм.

Арав арваараа хуваагдан хоёр өдөрт хийж байгаа эхний шатны халз мэтгэлцээний үеэр оролцогч бүрт асуултад хариулах нэг минутын хугацаа олгогдож байгаа бөгөөд тодруулах асуултад хариулах 30 секундын хугацааг нэмж олгох журмаар явагдана гэдгийг Ардчилсан намын үндэсний хороо мэдэгдсэн байна.

Түүнчлэн сонгуулийн эхний шатны хүрээнд телевизийн 12 удаагийн халз мэтгэлцээнийг  шууд  явуулахаар төлөвлөжээ.

Харин 2016 онд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж ялалт байгуулж байсан ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшинэ гэдгээ өнгөрөгч долоо хоногт албан ёсоор зарлаж, кампанит ажлынхаа гарааг Флорида мужийн Орландо хотоос эхлүүлээд байгаа юм.