Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр анхаарал татсан гол сэдвүүдийн нэг болоод байсан худалдааны дайны маргааныг шийдвэрлэхээр АНУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нар хоёр талт уулзалт хийсэн юм.
Уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хятадын бараа бүтээгдэхүүнд оноосон импортын татварыг цаашид үргэлжлүүлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ гэдгийг мэдэгдсэн ч нэмэлт татвар оноох төлөвлөгөөгөө түр хугацаагаар хойшлуулах шийдвэрт хүрсэн байна.
Ингэснээр хоёр орны дунд жил дамжин үргэлжилж буй худалдааны дайн түр намжиж, маргаантай асуудлаа яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэх зөвшилцөлд хүрчээ.
Си Зиньпин БНХАУ-ын дарга
"АНУ болон БНХАУ дипломат харилцаа тогтоосноос хойш өдгөө 40 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хоёр улсын харилцаанд асар олон өөрчлөлтүүд гарсан ч зөвхөн нэг л зүйл хэвэндээ үлдсэн. Энэ нь хамтын ажиллагаанаас бид хоёул хождог бол сөргөлдөөнөөс мөн л хоёул хохирол амсдагийг санах хэрэгтэй. Тиймээс маргаан зөрчлөөс илүүтэйгээр яриа хэлэлцээр, хамтын ажиллагаанд төвлөрч ажиллах нь үр дүнтэй юм. "
Худалдааны дайныг түр завсарлах шийдвэрийн дагуу АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын Хуавей компанийн эсрэг тавьсан хоригоо зөөлрүүлж, тус компанитай хамтран ажиллах зөвшөөрлийг технологийн компаниуддаа олгожээ. Ингэснээр Гүүгл, Фэйсбүүк, Куалком зэрэг компаниуд Хуавей компанитай цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.
Шиао Ген Хонконгийн их сургуулийн профессор
"Хуавей компанийн эсрэг тавьсан хориг арга хэмжээ Хуавейг гэхээсээ илүүтэйгээр Америкийн компаниудад хохиролтой гэдгийг ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа ойлгосон байх. Түүнээс гадна олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд ч хүндрэл үүсч байгаа нь дэлхий нийтийн хөгжил цэцэглэлтэд сөрөг нөлөөтэй юм"
Одоогоос 6 долоо хоногийн өмнө АНУ-ын захиргаанаас Хуавей компанийг бусад улс орны дотоод нууцад хууль бусаар халдаж, засгийн газартаа тагнуулын шугамаар ажилладаг гэх хэрэгт буруутган хар жагсаалтандаа оруулах шийдвэр гаргасан юм.
Уг шийдвэрийн хүрээнд АНУ-ын Гүүгл компани хятадын Хуавей компанид олгосон андройд үйлдлийн системийн лицензээ цуцлах шийдвэр гаргасантай холбогдуулан Хуавей компанийн тус компанийн олон улсын зах зээл дэх борлуулалтын хэмжээ 40 хувиар буураад байсан юм.