ХОНКОНГИЙГ ХЯТАДЫН МЭДЭЛД ШИЛЖҮҮЛСНИЙ 22 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт өчигдөр Их Британийн колоничлолоос салж Хятадын мэдэлд шилжсэний 22 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулаад эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэхээр олон нийтийг хамарсан ээлжит эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ.

Их Британийн колоничлолоос гарч Хятадын мэдэлд очсоны 22 жилийн ойг тохиолдуулан даваа гарагт Хонконгт зохион байгуулагдсан туг өргөх ёслолын арга хэмжээний үеэр олон нийтийг хамарсан ээлжит эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдлаа.

Жагсаалын үеэр хэв журам сахиулагчид болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсны улмаас цагдаагйин алба хаагчдын зүгээс жагсагдчид руу нулимс асгаруулагч хий цацаж тараах оролдлого хийсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Түүнчлэн засгийн газрын ордны өмнө болсон багахан хэмжээний эсэргүүцлийн жагсаалын үеэр тэмцэгчид засгийн газрын ордны хаалга үүдийг эвдэн нэвтрэх оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн байна.

Сэжигтнийг эх газрын Хятад руу шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд энэ мэтээр улам эрчимжих болсонтой холбогдуулаад хонконгийн төр засгийн тэргүүн Кэрри Лам удирдах арга барилаа өөрчилнө гэсэн амлалтыг өгчээ.

 

Кэрри Лам          Хонконгийн захирагч

"Сүүлийн хэдэн сард болж өнгөрсөн үйл явдлууд засгийн газар болоод ард иргэдийн хоорондох зөрчлийг улам гүнзгийрүүлэхэд хүргээд байна. Улс төрч хүний хувьд миний бие энэхүү нөхцөл байдлаас олон нийтийн санал бодлыг оновчтой байдлаар хүлээж авах нь чухал гэдгийг бүрэн утгаар нь ухаарлаа. Цаашид энэхүү явдлаас сургамж авч засгийн газар бодлогыг тодорхойлохдоо ард иргэдийнхээ дуу хоолой, үзэл бодлыг сайтар сонсож, тэдний саналыг тусгах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч байна. "

Нэгэн цагт их британийн колони байсан Хонконгийг гадаад харилцаа, батлан хамгаалахаас бусад салбарт 50 жилийн турш хятадаас хараат бус байна гэсэн нөхцөлтэйгээр 1997 онд хятадын мэдэлд шилжүүлэн өгсөн байдаг.

Хэрэв Хонконгт хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг эх газрын хятад руу шилжүүлэх хууль батлагдвал Хонконгийн нэг улс хоёр систем буюу хууль шүүхийн хараат бус байдалд ноцтой аюул учруулна хэмээн иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэл үзүүлж, хуулийн төслийг бүрэн цуцлах хүртэл нь тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна.