ХЯТАД РУУ ХЭРЭГТЭН ШИЛЖҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭГЧИД ПАРЛАМЕНТЫН ОРДОН РУУГАА ДАЙРЧЭЭ

Британийн колоничлолоос гарч Хятадын мэдэлд очсоны 22 жилийн ойг тохиолдуулан Хонконгийн иргэд өчигдөр ээлжит эсэргүүцлийн жагсаалаа зохион байгуулсан юм.

Энэ үеэр парламентын ордны гадаа цугларсан иргэд хууль тогтоох зөвлөлийн ордны шилэн хаалгыг эвдэн, дайрч орсон бөгөөд цагдаагийн алба хаагчдын зүгээс жагсагчдыг зогсоохыг оролдсон ч амжилтгүй болсон талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Жагсагчдын зүгээс парламентын ордны ханан дээр улс төрийн үзэл суртал шингээсэн шүүмжлэлүүдийг бичин үлдээж, эд хогшлыг нь нураан сүйтгэсний дээр индэр дээр өлгөсөн Хонконгийн далбааг буулган Британийн колоничлолын үеийн далбаагаар сольсон байна.

Хонконгт сүүлийн 3 долоо хоног дараалан тасралтгүй зохион байгуулагдаж байгаа энэ төрлийн эсэргүүцлийн жагсаалууд харьцангуй тайван өнгө аястай үргэлжилж байсан боловч даваа гарагт болсон жагсаал иргэдийн уур хилэн улам нэмэгдэж байгааг харуулж байна хэмээн ажиглагчид мэдээлжээ.

Одоогийн байдлаар Хонконгийн хууль хүчнийхэн парламентын ордныг хяналтдаа авч, дайран орсон жагсагчдыг хөөн гаргасан бөгөөд захирагч Кэрри Ламын зүгээс үүрийн 4 цагт шуурхай хуралдаан зарлаж, нийгмийн дунд үүсээд буй үймээн самууныг намжаах асуудлаар хэлэлцсэн байна.

Нэгэн цагт Их Британийн колони байсан Хонконгийг гадаад харилцаа, батлан хамгаалахаас бусад салбарт 50 жилийн турш хятадаас хараат бус байна гэсэн нөхцөлтэйгөөр 1997 онд хятадын мэдэлд шилжүүлэн өгсөн байдаг.

Хэрэв Хонконгт хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг эх газрын хятад руу шилжүүлэх хуулийн төсөл батлагдвал Хонконгийн нэг улс хоёр систем буюу хууль шүүхийн хараат бус байдалд ноцтой аюул учруулна хэмээн иргэдийн зүгээс эрс эсэргүүцэл үзүүлж, удирдагч Кэрри Ламыг албан тушаалаасаа огцрохыг шаардсаар байна.