ИРАН УЛСЫГ ЦӨМИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТУСГАГДСАН ЗААЛТАА ЗӨРЧСӨН ХЭРЭГТ БУРУУТГАЛАА

2015 онд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хамтаар байгуулж байсан цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс АНУ-ын засгийн газар нэг талт байдлаар гарах шийдвэр гаргаснаа өнгөрөгч онд зарласан юм. Үүнтэй холбогдуулаад Ираны эсрэг хориг арга хэмжээнүүд сэргэж эхэлсний хариу болгож Иран улсын талаас гэрээний зүйл заалтуудыг зөрчсөн гэх нотлох баримтууд илэрснийг эх сурвалжууд мэдээлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа Ираны цөмийн зэвсгийн гэрээнээс гарсан үйл явдлаас хойш нэг жилийн дараа Иран улсын засгийн газар хэлэлцээрийн заалтуудыг биелүүлэхээс татгалзан, гэрээнд хүлээсэн үүргээ зөрчсөн гэх нотлох баримтуудыг илрүүлснээ олон улсын атомын эрчим хүчний агентлаг мэдээлжээ.

2015 онд байгуулсан цөмийн зэвсгийн хэлэлцээрт Иран улсын уран баяжуулалтын нөөцийн хэмжээг 300 кг-аас дээшгүй байна хэмээн заасан байдаг ч Иран улс санаатайгаар тус заалтыг зөрчин гэрээг аюулд учруулахыг санаархаж байна хэмээн шүүмжлэгчдийн зүгээс мэдээлсэн байна.

Өнгөрөгч онд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ираны цөмийн зэвсгийн гэрээг түүхэн дэх хамгийн муу гэрээ болсон хэмээн тодорхойлж, яриа хэлэлцээрээс гарч байгаагаа зарласныхаа дараагаар Иран улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдээ эргэн сэргээгээд байгаа юм. 

Ану-аас ирж буй дарамт шахалт нэмэгдэж байгаатай холбогдуулаад Иран улсын засгийн газар цөмийн хөтөлбөрийн гэрээнээсээ хэсэгчилсэн байдлаар гарна гэдгээ мэдэгдэж, уран баяжуулалтаа эргэн сэргээнэ гэсэн анхааруулгыг өгөөд байжээ.

Үүнтэй холбогдуулаад гэрээний бусад талууд болох их британи, герман, франц зэрэг орнуудаас Иран улсыг гэрээний зүйл заалтуудыг зөрчсөн ямар нэг үйлдэл хийхгүй байхыг сануулсан ч Иран улсын уран баяжуулалтын тухай мэдээлэл ил болсноор цаашид үүсэх нөхцөл байдлын талаар санаа зовниж байгаагаа их британийн гадаад хэргийн яам мэдэгджээ.

Ану-ын талаас Ирантай гэрээг шинэчлэн байгуулах хүсэлтээ илэрхийлээд байгаа ч тус улсын эсрэг хориг арга хэмжээгээ сэргээж, бүх талаар шахалт үзүүлж байгаа нь яриа хэлэлцээр хийх хүсэлгүй байгааг нь илтгэж байна гэж ажиглагчид шүүмжилсэн байна.