БНСУ БОЛОН ЯПОН УЛСЫН ХООРОНД ХУДАЛДААНЫ МАРГААН ДЭГДЛЭЭ

Өмнөд Солонгосын шүүх дайны үед Япон улсад боолчлогдож байсан хоёр ч иргэндээ Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргасны хариу болгож Өмнөд Солонгос руу гаргадаг экспортдоо хатуу хяналт тогтоох шийдвэр гаргаснаа Япон улсын худалдааны яам өчигдөр мэдэгджээ.

Үүний дагуу энэ сарын 4-ний өдрөөс эхлэн ухаалаг гар утасны үйлдвэрлэлд ашигладаг өндөр технологийн химийн бодисыг өмнөд солонгос руу экспортлохдоо засгийн газраас заавалчгүй зөвшөөрөл авах шаардлагатай тулгарч байгаа юм байна.

Үүний хариуд Өмнөд солонгосын засгийн газар даруй сөрөг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэний дээр Япон улсын зүгээс хоёр орны худалдаанд ийнхүү шахалт үзүүлэх шийдвэр гаргасан нь олон улсын хууль журамд харшилж байна гэсэн тайлбарыг өгчээ.

Түүнчлэн Өмнөд Солонгосын талаас Япон улсын энэхүү шийдвэрийг үйлдвэрлэлийн салбарынх нь үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл хэмээн шүүмжлээд хяналт тавьсан химийн бодисууд нь ухаалаг утасны дэлгэц болоод хагас дамжуулагч үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бодисууд байгаа талаар мэдээлсэн байна.

Япон улсын энэхүү шийдвэртэй холбогдуулаад өмнөд солонгосын технологийн тэргүүлэгч компаниуд болох Samsung, LG зэрэг компаниудын хувьцааны ханш өчигдрөөс эхлэн уналтад орж эхэлжээ.