НИЙТИЙН ТЭЭВРИЙН 1226 АВТОБУСЫГ БҮРЭН КАМЕРЖУУЛЖЭЭ

Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 1200 гаруй автобус байдаг. Харин 2015 онд эдгээр автобуснуудад хяналтын камерийг суурилуулж байсан бол өнөөдөр шинэчилэн 1228 автобусыг 100 хувь камержуулжээ. Өмнө нь нийтийн тээвэрт халаасны хулгайн гэмт хэрэг жилд 5000 орчим бүртгэгддэг байсан бол камержуулалт хийгдсэнээс хойш 1800 болж буурсан байна. Харин энэ удаад нэг автобусанд чанар, стандартын шаардлага хангасан дөрвөн камерийг суурилуулсан бөгөөд онлайнаар бүх автобусны хурд, байршил зэргийг хянах боломж бүрдэж байна.

Нийслэлд үйлдэгддэг халаасны хулгайн гэмт хэргийн 18 хувь нь нийтийн тээвэрт буюу автобусанд үйлдэгддэг байна. Тэгвэл автобуснуудыг бүрэн камержуулснаар нийтийн тээвэрт үйлдэгдэх халаасны хулгайн гэмт хэргийн тоо тодорхой хэмжээнд буурна гэж үзэж байгаа юм.

Нэг автобусанд дөрвөн камерийн байрлуулсан. Зарим тохиолдол гэмт үйлдэл хяналтын камерт бичигдэн үлдсэн ч тухайн хүний царай харагдахгүй байх тохиолдол гардаг. Харин эдгээр камеруудын тухайд чанарын шаардлага хангасан өндөр нягтаршил бүхий учраас гэмт этгээдийг олж илрүүлэх боломж бүрдэнэ.

Энэхүү бүрэн камержуулалт нь гэмт хэргийг илрүүлэхэд дөхөмтэйн зэрэгцээ жолооч зорчигчид бэлэн мөнгөөр харилцах асуудлыг хянах боломжтой. Мөн осол гэмтлийн үед камерийн бичлэг нотлох баримт болох боломжтой юм.

Нийтийн тээвэрт камер суурилуулах ажлыг нийтдээ 123 сая төгрөгөөр шинэчлэсэн байна. Одоогийн байдлаар 80 автобусыг онлайнаар шууд хянаж байгаа бөгөөд цаашид энэ тоог нэмэгдүүлэн ажиллана. Түүнчлэн камерт 15 хоногийн хугацааны бичлэгийг хадгалах боломжтой юм.