Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт дууслаа

Бүгд найрамдах энэтхэг улсын Экспорт Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд манай улсад Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оноос хийгдэж эхэлсэн. Өнгөрөгч мягмар гарагт Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хүлээн авлаа.

-2015 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад хийсэн айлчлалын үеэр нэг тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэх болсон.

- 2017 онд Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх төрийн өмчит хязгаарлагдмал хувьцаат компани байгуулахаар шийдвэрлэсэн. 2018 оны 11-р сард  үйлдвэрийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, баталсан.

- 2018 оноос Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц буюу Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн байршил хүртэл тус бүр 27 км төмөр замын салаа, 17 км хүнд даацын авто замыг барих ажлыг эхлүүлсэн  бөгөөд өчигдөр хүлээлгэж өгсөн юм.

- Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 2023 онд дуусах бөгөөд урьдчилсан тооцооллоор тус үйлдвэрээс гарах нэгж бүтээгдэхүүн буюу шатахууны анхны үнэ 1000 төгрөг байхаар тооцжээ.

2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тос олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлсэн. Ингээд 2017 оны 5-р сард Монгол улсын засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын ЗГ, Энэтхэг улсын Экспорт Импорт банк хоорондын 1 тэрбум америк долларын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлан 2017 онд газрын тос боловсруулах үйлдвэр төсөл хэрэгжүүлэхээр болсон. Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр байгуулахаар дэд бүтцийн бүтээн байгуулалтыг 2018 онд эхлүүлснээр  хүнд даацын автозам,  төмөр зам, холбоос зам, төмөр бетон гүүр, тунель, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамт барьж дуусгажээ.

Эхний бүтээн байгуулалтад УБТЗ ХНН, БХЯ-ны зэвсэгт хүчний 7780-р анги, Эрчим хүчний хөгжлийн төв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ зэрэг туслан гүйцэтгэгч нар оролцсон юм. Дараагийн ээлжийн бүтээн байгуулалт буюу үйлдвэрийн барилга угсралтын бүтээн байгуулалт ирэх онд эхэлнэ.  Мөн ойрын хугацаанд газрын тосыг  дамжуулах хоолой аль эсвэл төмөр замаар тээвэрлэх эсэхийг шийдвэрлэх ёстой юм байна.

Дэд бүтцийн бүтээн байгуулалтаас 40 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Энэ төсвөөр тус үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийх 500 гаруй өрхийн амьдрах барилгын ажлыг гүйцэтгэнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар эрдэс баялгаа боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засагт шинэ тулгуур бий болох юм.