ГЭР ХОРООЛЛЫН ӨРХӨД УГААР МЭДРЭГЧ ТӨХӨӨРӨМЖ ОЛГОНО

Энэ сарын 3-7 ны өдрүүдэд гэр хорооллын 122 иргэн угаартаж  6 иргэн нас барсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн засаг даргад үүрэг болгосон байна.

Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш гэр хорооллын 220 мянган өрхийн 196 мянган өрх сайжруулсан түлшнээс 25 мянган тонныг худалдаж авсан байна. Олон жилийн турш уламжлалт галлагааг хийж байсан гэр хорооллын айл өрх  сайжруулсан түлшийг ашиглаж байгаа нь галлагааны хувьсгал болж байгаа гэдгийг байгаль орчны сайд онцолсон юм. Мөн сүүлийн өдрүүдэд угаарт 6 хүн амь насаа алдсан хэрэгт холбогдуулан салбарын сайд эмгэнэл илэрхийллээ. Мөн ойрын хугацаанд хийгдэх ажлын тоонд гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгч төхөөрөмж үнэ төлбөргүй олгохоос гадна гэр хорооллын айл өрх зуухны битүүмжлэл сайжруулах, стандарт бус зууш ашиглахгүй байх гэсэн шаардлага үүсч байна гэлээ. Тус төхөөрөмжийг ирэх сарын нэгнээс өмнө айл өрхөд олгох юм байна.

Угаарын утаанд айл өрхүүд хордсонтой холбоотойгоор зөв галлагааны талаар Нийслэлийн 42 захиргааны байгууллагын 3000 албан хаагч мэдээлэл өгөх ажил эхэлсэн байна. Одоогоор 220 мянган өрхийн 40 хувьд нь мэдээлэл өгчээ.

Өнгөрсөн зунаас эхлэн нийслэлийн айл өрхүүдэд мэдээлэл сурталчилгааны ажил эхэлсэн гэж байгаа боловч айл өрхүүд амралтын үе тул тэр бүр 100 хувь мэдээлэл авч чадаагүй байна. Нэгэнт шахмал түлшний асуудалтай зэрэгцэн зуухны чанарын асуудал хөндөгдөж байгаа энэ үед гэр хорооллын зуухны судалгааг эхлүүлсэн байна. Урьдчилсан байдлаар 100 орчим өрхөд хийсэн судалгаагаар айл өрхийн 30 орчим хувь нь ханын пийшин, 2 хувь нь энгийн зуух, 53 орчим хувь нь энгийн халаалт ашигладаг гэж гарчээ. Тиймээс эдгээр өрхүүдэд зуухны стандарт нийцүүлэх зохион байгуулалтын ажил эхэлсэн гэж байна.