АНУ, БНХАУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУДАЛДААНЫ АСУУДЛААР ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЧ ЧАДСАНГҮЙ

АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчдийн дунд худалдааны дайны асуудлаар хоёр өдрийн турш үргэлжилсэн яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн тухай албаны эх сурвалжууд мэдээллээ.

АНУ-ын Вашингтон хотноо болсон энэ удаагийн уулзалтаар талууд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон оюуны өмчийн хамгааллын асуудлаар санал бодлоо солилцсан ч технологийн албадан шилжүүлгийн асуудал зэрэг чухал сэдвүүдийг орхисон нь уулзалт хэлэлцээг үр дүнгүй болоход нөлөөлжээ.

Улмаар БНХАУ-ын төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ тэргүүтэй хоёр орны дээд түвшний төлөөлөгчдийн дунд өнөөдөр болохоор товлогдсон уулзалт хэлэлцээ. Мөн амжилтгүй болох магадлалтай байгааг ажиглагчид мэдээлж байгаа юм.

Одоогийн байдлаар АНУ-ын тал БНХАУ-ын 360 тэрбум америк долларын дүн бүхий бараа бүтээгдэхүүнд импортын татвар оногдуулаад байгаа бол Хятад улсын талаас хариу болгож АНУ-ын 110 тэрбум америк долларын дүн бүхий бараа бүтээгдэхүүнд импортын татвар оногдуулах арга хэмжээ аваад байна.

АНУ-ын зүгээс Хятад улсын эсрэг оноосон импортын татвараа тус улсын үйлдсэн оюуны өмчийн хулгайн хэрэгт шийтгэл оногдуулж буй арга хэмжээ хэмээн тайлбарладаг бол Хятад улсын талаас АНУ-ыг зориудаар худалдааны дайн өдөөсөн хэрэгт буруутгаж, ямар ч сүрдүүлгийн эсрэг хариу арга хэмжээ барихаа анхааруулаад байгаа юм.