ТУРК УЛС СИРИЙН ЗҮҮН ХОЙД ХЭСЭГ ДЭХ ЦЭРГИЙН АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

АНУ Сирийн зүүн хойд хэсгээс цэргүүдээ гаргасантай холбогдуулаад  өчигдөр Турк улсын талаас тус бүс нутагт байрлаж буй Курдын өөрийгөө хамгаалах хүчний эсрэг цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы зүгээс энэхүү үйлдлээ Сириэс дүрвэн Турк улсад орогнож буй 3 сая 600 мянган хүнийг буцаан эх орон руу нь илгээхэд аюулгүйн бүс бий болгох зорилготой хэмээн тайлбарлажээ.

Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын  ерөнхийлөгч Доналд Трамп Турк улсын талаас явуулах цэргийн ажиллагаанд саад болохгүй гэдгээ мэдэгдсэн нь Исламын улс бүлэглэлийг Сирийн газар нутгаас хөөн зайлуулах ажиллагаанд АНУ-ын холбоотны шугамаар голлох үүрэгтэй оролцсон Курдын өөрийгөө хамгаалах хүчний хувь заяаг аюулд учруулан, цаашлаад Сирийн газар нутагт Исламын улс бүлэглэл дахин сэргэлт хийх нөхцлийг бүрдүүлж байна гэж гадаад болон дотоодын мэргэжилтнүүдээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан юм.

Үүнтэй холбогдуулаад тэрбээр Турк улсыг сирийн газар нутаг дээр хэрээс хэтэрсэн үйлдэл гаргавал эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авна хэмээн анхааруулсан ч Турк улсын талаас өчигдөр Курдын өөрийгөө хамгаалах хүчний эсрэг хэд хэдэн агаарын цохилт өгч, Сирийн хил рүү явган цэргүүдээ оруулж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. 

Үүний хариуд Курдын өөрийгөө хамгаалах хүчний зүгээс Турк улсын эсрэг хариу дайралт үзүүлэхээ мэдэгджээ. Сирийн зүүн хойд хэсгийн бүс нутгуудаар нөхцөл байдал ийнхүү хурцадмал байдалд шилжсэнтэй холбогдуулаад хил орчмын оршин суугчид дүрвэж эхлээд байгаа юм.