ГЕРМАН УЛСАД ЕВРЕЙН СҮМИЙН ОЙРОЛЦОО ЗЭВСЭГТ ХАЛДЛАГА ГАРЧЭЭ

 

ХБНГУ-ын зүүн хэсэгт байрлах Халле хотод өчигдөр Еврейн шашны сүмийн ойролцоо зэвсэгт этгээд халдлага үйлдсэний улмаас хоёр хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан байна. Сэжигтэн этгээдийн тухайд халдлага үйлдэх үеийнхээ дүрс бичлэгийг видео тоглоомын онлайн сүлжээгээр шууд дамжуулсныг 2000 гаруй хүн үзэж, улмаар албаныхны зүгээс устгах арга хэмжээ авчээ.

Гэрчүүдийн мэдээлж байгаагаар халдлага гарах үед сүм дотор 70-80 хүн мөргөл үйлдэж байсан бөгөөд тухайн үед буутай этгээд сүмийн цоожтой хаалгыг онгойлгож чадаагүй нь олон арван хүний амь насыг аварсан талаар мэдээлсэн байна. Улмаар сэжигтэн этгээд сүмийн ойролцоо явж байсан хоёр ч хүнийг буудан хороосон тухай албаныхан мэдээлжээ. Цагдаа нарын зүгээс 27 настай Герман залууг дээрх халдлагатай холбогдуулан баривчлан саатуулснаа мэдээлсэн бөгөөд одоогоор ямар учир шалтгааны улмаас энэхүү халдлагыг үйлдсэн нь тодорхойгүй байна.

Гэвч түүнийг Еврейчүүдийг үзэн ядагч байх өндөр магадлалтай талаар Германы дотоод хэргийн яам мэдэгджээ. Энэхүү халдлагатай холбогдуулаад албаныхан лхагва гарагийн орой бусад сүмүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаж, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулан гэрэлт зул өргөх ёслол зохион байгуулжээ. Берлин хотод болсон хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд ХБНГУ-ын канцлер Ангела Меркел өөрийн биеэр оролцож, хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Герман улсад гарсан энэхүү халдлага одоогоос 6 сарын өмнө Шинэ Зеланд улсын Крайстчөрч хотын сүмд гарсан террорист халдлагатай олон талаараа ижил төстэй байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Шинэ Зеланд улсын түүхэн дэх хамгийн их хор хохирол учруулсан зэвсэгт халдлагыг үйлдэгч этгээдийн тухайд халдлага үйлдэх үеийнхээ бичлэгийг фэйсбүүк хуудсаараа шууд цацаж, улмаар Фэйсбүүк компани эрчимтэй устгал хийсний үр дүнд халдлагатай холбоотой 1 сая 500 гаруй бичлэгийг устгаснаа мэдээлсэн байна.