Манай улсын эдийн засгийн өсөлт 2019 оны эхний хагаст 7.3 хувьд хүрчээ

Манай улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагаст 7.3 хувьд хүрч, эдийн засгийн өсөлт хадгалагдлаа гэдгийг өчигдөр дэлхийн банкнаас танилцууллаа. Мөн  бүс нутгийн эдийн засгийн тайланг зарласан байна.

- Энэ оны 4-р сарын 24-нд дэлхийн банкны эдийн засгийн өсөлтийн төсөөллөөр  манай улсын эдийн засгийг 2019 онд 6.9 хувьд хүрнэ гэж тооцож байсан

- Энэ оны эхний хагас жилийн  байдлаар эдийн засгийн өсөлт төсөөллөөс ийнхүү давж, 7.3 хувьд хүрчээ.

- Өсөлт тогтвортой байхад нүүрсний салбарын гүйцэтгэл, хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

- Цаашид эдийн засгийн өсөлт ирэх хоёр жилд дунджаар 6 хувьтай байх төлөвтэй байгааг дэлхийн банкнаас мэдэгдлээ.

Дэлхийн банкнаас жилд хоёр удаа бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулдаг. Энэ оны эхний тайлангийн үеэр 2019 онд 6.9 хувьтай байна гэдэг төсөөлөл гарсан бөгөөд уул уурхайн болон аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтаас хамаарч эдийн засгийн өсөлт 2019 он болон цаашид өөдрөг байна гэж мэдэгдэж байсан. Гэхдээ 2020 оны сонгуулиас шалтгаалж, улс төрийн тодорхой бус нөхцөл байдал үргэлжилж, эдийн засагт тогтвортой байсан бодлогод өөрчлөлт орж болзошгүйг анхааруулж байсан. Тэгвэл оны хагас жилийн тайлангаар уул уурхайн экспорт, уул уурхайн дагалдах салбар, хаа-н салбар, экспортын гүйцэтгэл, хувийн болон гадаадын шууд хөрөнгө оруулалт сайн гүйцэтгэлтэй байсан нь эдийн засгийн өсөлт хадгалагдахад нөлөөлсөн байна.

Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд Монгол улсын өрийн асуудалд анхаарлаа хандуулах,  төсвийн зардлыг анхаарах, ядуурлын түвшинг бууруулахын тулд нийгмийн халамжийн бодлогод анхаарлаа хандуулахыг зөвлөж байгаа юм байна.

Манай улсын эдийн засгийн төлөв богино, дунд хугацаанд эерэг хэвээр байна. Гэвч улс төрийн тодорхой бус байдал нэмэгдэх, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хил дээр гарч болзошгүй эрсдэлүүд, банкны салбарын шинэчлэлүүд удаашрах зэрэг эрсдэл байгааг дэлхийн банкны тайланд анхааруулжээ.