Япон улсыг 1958 оноос хойших хамгийн хүчтэй хар салхи дайран өнгөрчээ

Япон улсын өмнөд хэсгээр бямба гарагт дайран өнгөрсөн Хагибис нэртэй далайн хар салхины улмаас тус улсын хойд болоод төвийн бүсийн хотууд үерийн гамшигт өртөж, хөрсний гулгалт үүсээд байна.

Ням гарагийн байдлаар Японы гал түймэр, гамшигтай тэмцэх газраас мэдээлснээр амь үрэгдсэн хохирогчдын тоо 14 хүрээд байгааг танилцуулсан бол орон нутгийн агентлагуудаас хохирогчдын тоог аль хэдийн 33-т хүрснийг мэдээлээд байгаа юм.

Япон улсад сүүлийн 60 жил гараагүй хүчтэй хар салхинд тооцогдож байгаа энэхүү байгалийн гамшгийн улмаас 1300 орчим байшин барилга үерийн усанд автаж, 200 орчим хүн гэмтэж бэртэн, 19 хүн сураггүй алга болсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Үүнтэй холбогдуулаад аврах ажиллагаанд 100 мянга орчим хүн дайчлагдан ажиллаж байгаагаас тэдний 27 мянгыг зэвсэгт хүчний алба хаагчид эзэлж байна.

Хагибис хар салхины улмаас Рэгбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн түр хугацаагаар хойшлогдон, Токио хотын дэлгүүр, худалдааны байгууллагууд үүд хаалгаа барьж, метро, төмөр зам, нисэх онгоцны буудлууд хаагдан,142 гол үерлэж, 21 далан нуржээ.

Түүнчлэн хар салхины улмаас 7 сая оршин суугчийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан ч хорогдох байрууд нь ердөө 50 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай байгаа талаар албаныхан мэдээлсэн байна.

Япон улсыг хамгийн сүүлд энэ хэмжээний хүчтэй хар салхи 1958 онд дайран өнгөрөх үед 1200 орчим хүн амь үрэгдэж байсан бөгөөд энэхүү байгалийн гамшгийн улмаас ойролцоогоор 8000 хүн амь үрэгдэнэ гэсэн тооцоог гаргаад байсан ч дэд бүтэц сайжирч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авсан тул хор хохирлын хэмжээ харьцангуй бага байгааг мэргэжилтнүүд мэдээлжээ.

Тухайлбал Япончууд онцгой байдлын үед хэрэглэх хүнсний нөөцөө базааснаар ням гарагийн байдлаар гэхэд дэлгүүрийн лангуунууд хоосорсон байдалтай байгааг эх сурвалжууд мэдээлж байна.