Турк улсын түрэмгийллийг зогсооход Сири улсын засгийн газар тусламж үзүүлэхээ мэдэгдлээ

Өнгөрөгч долоо хоногт Турк улсын цэрэг арми Сирийн хойд нутагт цэргийн ажиллагаа эхлүүлсэнтэй холбогдуулаад Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадын засгийн газар туркийн эзлэн түрэмгийллийг зогсоохоор Курдын зэвсэгт байгууллагатай хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Улмаар Сирийн засгийн газраас армийн алба хаагчдаа Курдын өөрийгөө хамгаалах хүчний байрлаж буй хойд бүс нутаг руу илгээсэнтэй зэрэгцээд тус бүс нутагт байрлаж байсан АНУ-ын алба хаагчид бүгд нутаг буцсаныг албаныхан мэдээлжээ.

Хэдийгээр Турк улсын талаас энэхүү ажиллагаагаа эртнээс террорист бүлэглэл хэмээн үздэг Курдын зэвсэгт бүлэглэлийнхнийг хөөн зайлуулж, тухайн бүс нутагт аюулгүйн бүс бий болгох зорилготой хэмээн тайлбарлаж байгаа ч тус улсын явуулж буй газрын болон агаарын цохилтуудын улмаас гэм зэмгүй жирийн иргэд амь үрэгдэх тохиолдлууд нэмэгдсээр байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Түүнчлэн ням гарагт Айн Исса хорих лагерийн хажууханд гарсан мөргөлдөөний үеэр исламын улс бүлэглэлийн 800 орчим хоригдол зугтах оролдлого хийснийг албаныхан мэдээлж байна.

Турк улсын явуулж буй энэхүү ажиллагааны улмаас Сирийн хойд нутгийн 100 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн бөгөөд цаашид энэ тоо 300 мянга давж болзошгүй байгааг НҮБ-аас анхааруулжээ.

Үүнтэй холбогдуулаад Герман, Франц улсын зүгээс турк улсад зэвсэг нийлүүлэхээ зогсоож байгааг бямба гарагт мэдэгдсэн байна.